О.Анужин
09 сарын 10, 2026
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой гомдлууд ХҮЭК-т олноор ирж байна. Энэ талаар ХЭҮК-ээс мэдээлэл өглөө.
Нэгдүгээр ангид 60-70 хүүхэд суралцаж байна
Нийслэлийн сургуулиудын анги танхим, ширээ сандал, багшийн хүрэлцээг хүүхдийн өсөлт, хүн амын шилжилт хөдөлгөөнтэй уялдуулан төлөвлөөгүйгээс зарим сургуулийн нэгдүгээр ангид 60-70 хүүхэд суралцаж байна. Түүнчлэн хамран сургах тойргийн багтаамж хүрэлцэхгүй гэх шалтгаанаар хүүхдийг сургуульд бүртгэхгүй байх тохиолдол гарч буй нь хүүхдийн сурч боловсрох эрхийг хөндөж байна.
Жил бүрийн 9-р сард олноор ирдэг эдгээр гомдлын араас хөөцөлдөх бус бүртгэгдэхээс нь өмнө буюу сургуулиуд жил бүр хэдэн хүүхэд шинээр элсэхийг урьдчилан тооцож, шаардлагатай анги танхим, багшийн орон тоог бэлтгэх замаар тогтолцооны түвшинд шийдвэрлэх шаардлагатайг ХЭҮК-ээс зөвлөмж байдлаар хүргүүлэн ажиллаж байгаа гэлээ.

Үе тэнгийн хүүхдүүд нэгнээ дээрэлхэх, багш, ажилтнууд хүүхдийг ялгаварлах зөрчил цөөнгүй гарч байна
Өнгөрсөн оны хичээлийн жилд сургуулийн орчинд үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхэх, мөн багш болон эцэг эхийн зүгээс хүүхдийн эрхийг зөрчсөн байж болзошгүй асуудлаар 1000 гаруй гомдол, мэдээлэл иржээ.
ХЭҮК хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хүүхдийн сурч боловсрол эрхийг хангахад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад тогтмол хяналт шалгалт хийж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.