Буяндэлгэрийн Мөнхчимэг
11 сарын 16, 2023
Залуу хүмүүс цус харвах боллоо, дөнгөж дөч хүрч яваа залуу “унтаад сэрээгүй гэнэ” гэх зэрэг харамсалтай мэдээллүүд сүүлийн үед цахим орчинд их гарах болсон. Энэ нь артерийн даралт ихсэлттэй гэдгээ мэдэлгүй удаан хугацаанд явсантай холбоотой юм. Энэ удаа Peak.mn сайт эрүүл мэндийн булангийн ээлжит сурвалжилгаар Жаргалан төсөл-тэй хамтран артерийн даралт ихсэлт өвчний талаар бэлтгэлээ.
Даралт ихсэлттэй болохгүйн тулд кофе бага уу, тогтмол алх
Артерийн даралт нэг л зүйлээс шалтгаалж ихсэхгүй. Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, таргалалт, архи, тамхины хэрэглээ гээд өдөр тутмын үйлдлүүд нөлөөлдөг. Эдгээрийг артерийн даралт ихсэлтийн өөрчилж болох хүчин зүйл гэнэ. Нийт артерийн даралт ихсэлтийн 80-85 хувь нь амьдралын хэв маягаас шалтгаалдаг байна. Монголд насанд хүрсэн 4 хүн тутмын 1 нь артерийн даралт ихсэх эрсдэлтэй гэжээ.
Тэгэхээр даралт ихсэлттэй болохгүйн тулд амьдралдаа ямар хэв маяг мөрдөж, юунд анхаарах ёстой талаар АУ-ны магистр, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны их эмч, Жаргалан менторшип хөтөлбөрийн ментор Б.Цэвэлмаа дараах зөвлөмжийг өглөө.
Амьдралын хэв маягийг зохицуулахын тулд нэгдүгээрт хоолны дэглэмдээ анхаараарай. Өдөртөө бага хэмжээтэйгээр 3-4 удаа хоолло. Өөх тос багатай хоол ид.
Мөн кофе, кафейн агуулсан ундаанууд даралт ихэсгэнэ. Жишээ нь кофе уусны дараа систолын даралт 10-20 ммМУБ-аар ихэсдэг. Гэтэл хүмүүс хар кофег өдөрт 2,3 удаа уудаг болжээ. Тэгээд л "Миний зүрх дэлсээд байна, юунаас болоод байгаагаа мэдэхгүй байна" гэж ярьдаг.
Хоногт хэрэглэх хоолны давсыг 5-6 грамм хүргэвэл даралт буурна. Манайхны дунд давсны хэрэглээ буурч байгаа ч хоногт 8-9 грамм хэрэглэж байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Тэгэхээр хоолоо давстай идэж байгаа бол цайгаа давсгүй уугаарай.
Долоо хоногт багадаа гурван удаа 30 минутаас 1 цаг зорилготойгоор дасгал хийж хөлсөө гаргаж байгаарай. Хөлөрснөөр биеэс маань төрөл бүрийн хорт бодис, хүнд металл, биед удаан хуримтлагдсан бохирдол зэрэг гадагшилдаг байна.
Тиймээс өдөр тутамдаа ажил гэрийн хооронд болж өгвөл явган яваарай. Алхахдаа сажилж явахгүй, спорт алхаагаар, эрчимтэй, хурдан хэмнэлтэй алхаж байж хөлс гарна. Ингэж хэвшвэл даралт тогтмол бууна. Мэдээж архи дарс, тамхи нь даралт хүчтэй ихэсгэгч тул хориглох нь зүйтэй.
Бичлэг үзэх:
хяналтгүй явсаар гэнэт нас барах эрсдэлтэй
Дэлхий нийтийн чиг хандлага даралт ихсэлтийг эрт илрүүлдэг, тогтмол хянадаг болоод удаж байгаа юм. Гэвч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой энэ өвчнөөр эрэгтэйчүүд 45 наснаасаа, эмэгтэйчүүд 65 наснаасаа нас бардаг. Тэгэхээр ингэж эцэст нь хүргэхгүйн тулд та өрх, дүүргийн эмнэлэгтээ хандаж даралт ихсэлттэй эсэхээ мэдэх хэрэгтэйг БЗД-ийн “Өнөр-Энхмэнд” ӨЭМТ-ийн эмч, Жаргалан менторшип хөтөлбөрийн ментий Ю.Номинчимэг санууллаа.
Тэрбээр "Өрхийн эмнэлэгт хандаж байгаа хүмүүс даралтаа ихсэж байна гэж төдийлөн мэддэггүй. Ханиад хүрсэн юм шиг байна дотор муухайраад, бөөлжөөд байна. Эсвэл толгой өвдөөд байна, мэдрэлийн эмчид үзүүлье гэж ирдэг. Тэгээд эрт илрүүлэг хийгээд даралтыг нь үзэхэд даралт нь өндөр гардаг. Тэгээд "Та хэвийн даралтаа мэдэх үү" гэж асуухаар “Мэдэхгүй шүү дээ, хэвийн даралт гэж юу юм бэ?” гэдэг. Энэ нь иргэд эрүүл мэндийн боловсрол сул байгаатай холбоотой. Тэгэхээр юун түрүүнд 18 нас хүрсэн л бол эрт илрүүлэгт орох шаардлагатайг мэддэг байгаасай. Артерийн даралтыг даралтын аппаратаар хэмжих үзүүлэлт нь маш энгийн, богино хугацаанд хийгддэг шүү дээ. Эмэгтэйчүүд бол ихэнх нь жирэмсний үедээ хяналтад орохдоо өөрийгөө эрсдэлтэй эсэхээ тодорхойлуулчихдаг. Харин 30-40 насны эрэгтэйчүүд ажил ихтэй, амжихгүй гээд өөрийгөө тоохгүй байна. Ингээд ямар ч хяналтгүй явсаар гэнэт цус харвах, нас барах эрсдэлд тулж байгаа юм.
Өрх дээрээ очоод даралтаа үзүүлчихдэг байя. Айл бүр гэртээ даралтын аппараттай байх хэрэгтэй. Даралтаа тогтмол хэмжээд, хянаад, хариу арга хэмжээ авбал артерийн даралт ихсэлтээс шалтгаалж гэнэтийн хүндрэл учрахгүй." хэмээн ярилаа.
Нэг удаа хэмжээд даралт ихсэлттэй гэж шууд оношлохгүй. Гурван удаа бие биеэсээ хамааралгүй нөхцөлд, сүүлийн 14 хоногт даралт буулгах эм уугаагүйгээр хэмжихэд 130/80-аас дээш тогтвортой өндөр байвал, ДЭМБ-ын тодорхойлсноор140/ 90-ээс дээш бол даралт ихсэлт гэж үздэг.
эм уух гэж яарч сандрахаасаа өмнө яагаад ингэв гэдгээ ажигла
Даралт ихсэлттэй гэдгээ үнэн зөв тодорхойлохын тулд юун түрүүнд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Түүнчлэн артерийн даралт ихсэлтийн нийт тохиолдлын 15 хувийг өөрчилж болохгүй буюу өөр эмгэг, өвчний шалтгаант байдаг. Тэгэхээр хэрвээ та даралт ихсэлттэй бол юунаас бол ихсээд байгаа шалтгаанаа олох нь чухал.
АУ-ны доктор , “Сонгдо” эмнэлгийн зүрх судасны эмч, Жаргалан менторшип хөтөлбөрийн ментор Ц.Намхайдорж "Хар үгээр хэлбэл зүрх гэдэг бол насос. Судас гэх гуурсаар шингэнийг шахаж байгаатай ижил ойлголт шүү дээ. Тэгэхээр судасны хананд үзүүлж байгаа цусны даралтын хэмжээг артерийн даралт гэж ойлгодог. Даралтын хэмжээ нь судасны эсэргүүцэл, судасны хатуурал, зүрхнээс шахаж байгаа хүчтэй холбоотой. Тэгэхээр олон хүчин зүйлийн нөлөөгөөр даралт ихэсдэг."
Даралт нь ихсээд зовуурилаад байгаа бол эм уух гэж яарч сандрахаасаа өмнө би яагаад ингэв, яахаар даралт ихсэж байна, яавал гайгүй байна гэдгээ ажиглах ёстой. Аюултай тохиолдол гарсан бол цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандах ёстой.
Таныг хамгийн тайван байх үед даралтаа ямар байна вэ гэдгээ мэдээрэй. Өглөө дөнгөж орноос босоход, орой унтах гээд орондоо хэвтэж байхад хүн хамгийн тайван байдаг. Тэгэхээр энэ үеийн даралтаа үзээд тэмдэглэхийг даралт хяналт гэж байгаа юм.
Даралтаар заавал 3 дугаар шатлалын эмнэлэг рүү "гүйгээд", тэнд ачаалал үүсгэх нь буруу. Энэ өвчин нь хэдий хор хөнөөл өндөртэй боловч бид анхаарч чадвал хяналтад байх боломжтой өвчин. Харин эрт илрүүлэг, анхан шатны зөвлөгөө, хяналтыг өрх, дүүргийн эмнэлэгтээ хийлгэх бүрэн боломжтой.
өрхийн эмнэлэгтээ ЭХЛЭЭД ханддаг болгох нь үр дүнтэй шийдэл
Даралт ихсэлттэй хүн болгонд даралт ихсэлтийн шалтгаан, эмнэлзүйн тохиолдол нь өөр учраас шууд тэгээрэй гэдэг нийтлэг зөвлөгөө өгөх нь өрөөсгөл.
"Жишээ нь Долгорын биед тохирсон хэмжээтэй дээл гэж байгаа шүү дээ. Яг үүн шиг Долгорт зориулсан эмүүдийг бие организмд зориулсан жороор эм бичиж, тохирсон эмчилгээг нь л хийх хэрэгтэй. Ингэж тухайн хүнд тохирсон эмчилгээг хийгээд, хяналттай явахад архаг эсвэл цочмог хүндрэлд хүрэхгүйгээр хэвийн түвшинд барихад дэлхий нийт түлхүү анхаарч, "Цусны даралттай" гэхдээ хяналттай (controlled) гэж үзэх болсон.
Гэтэл Монголд эрт илрүүлэг, хяналт хангалттай биш байна. Иймээс иргэд эмнэлгийн байгууллагад эрт хандаж, өөрийнхөө төлөө цаг зарцуулахыг АУ-ны магистр, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны их эмч Б.Цэвэлмаа захисан юм.
Мөн тэрбээр "Иргэд өрхийн эмнэлэгтээ хандаж хянаж хэвших нь нэгдүгээр хувь хүний эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой зүйл. Хүн бүр өөрийнхөө төлөө үйлдэл хийдэг байя. Нөгөө талаас өрхийн эмнэлгийн эмч нар тухайн хорооныхоо харьяанд хэчнээн хүн байна. Тэдний хэд нь артерийн даралт ихсэх эрсдэлтэй вэ гэдгийг мэддэг болъё. Өрхийн эмч нар өөрсдөө эхэлж иргэддээ хүрч үйлчлээд, яваандаа өрхийн эмнэлэгтээ тогтмол ирж хянуулаарай гэж дууддаг тогтолцоонд шилжих нь үр дүнтэй шийдэл.
Өндөр хөгжилтэй орнууд анхан шатны нэгж буюу өрхийн эмнэлгийг иргэн нэг бүрд хүрдэг тогтолцоог бий болгосон учраас халдварт бус өвчнөөс шалтгаант нас баралт, архаг хүндрэл бага гардаг. Тэгэхээр юун түрүүнд өрхийн эмч нарыг чадавхжуулахад анхаарах хэрэгтэй.
Дээрх шийдлийн эхлэл болгож Оддаръяа сангаас өрхийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар МУ-н эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх "Жаргалан менторшип" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн 120 өрхийн эмч хамрагдаж байна. Хөтөлбөрт оролцогчид халдварт бус өвчний чиглэлээр менторуудтай хамтран үзлэг хийх, эмнэлзүйн тохиолдлуудад ажиллах, профессорын сургалтад хамрагдах зэргээр ур чадвараа дээшлүүлэх, чадавхжуулах, хөгжих боломж бүрдүүлж байгаа аж.
Аливаа эмчилгээ гэдэг аль аль талаасаа багийн ажиллагаа байж үр дүн гардаг. Бид хичээгээд эмийг нь бичиж өгөөд байдаг. Нөгөө хүн маань эмээ уухгүй, тамхиа хаяхгүй, стресстэй, архи дарс их хэрэглэдэг, дасгал хөдөлгөөн хийхгүй илүүдэл жинтэй байгаад байвал ямар ч арга байхгүй гэдгийг эмч нар онцлон захилаа. Өөрийнхөө ирээдүйн төлөө үйлдэл хийж, урт удаан наслах уу эсвэл тоомжиргүй явсаар өвчнөө хүндрүүлж гэнэтийн эрсдэлтэй нүүр тулах уу гэдэг таны шийдвэр.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.