Улсын онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Өнөөдөр бид өөрийнхөө нутаг дээрээс коронавирусийн халдвар илрүүлж, үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд тандалт, судалгаа хйихээр гурав хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч байна. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн 02:00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн нээлттэй байгаа. 

Гарах хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан тодруулж хэлэхэд Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнсний зүйл, шатахуун, тээвэрлэх, эмнэлгийн үйлчилгээний ажлаар явах, оршуулга зэрэг хүндэтгэх шалтгаантай үед тодорхой тандалт хязгаартай нэвтрүүлж байгаа. Улаанбаатар хотод бүх зам дээр цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хамтран ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд олон талын эрсдлийг бага гэлтгүй тооцож, үнэлж судалдаг. Ингэснээр коронавирусийн аюулыг эрсдэл багатай даван туулуулах нь нийт төрийн байгууллагын үүрэг. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээллээс бусад эх үүсвэргүй, тодорхойгүй, буруу ойлголттой мэдээллийг бусдад түгээхгүй байхад анхаарах шаардлагатай. Ямарваа мэдээллийг албаны хүмүүсээс тодруулж мэдээллээд, ард түмнээ тайван амгалан байхад дэмжлэг үзүүлж ажиллая" хэмээлээ.