Л.Дэлгэрмаа
08 сарын 16, 2022
Шведийн судлаачид гахайн арьснаас хүний нүдний эвэрлэг бүрхэвчтэй төстэй коллаген уургаар хийсэн имплант бүтээжээ.
Туршилтын судалгаагаар уг суулгац нь нүдний эвэрлэг бүрхэвчний өвчтэй 20 хүний харааны түвшинг сэргээсэн байна. Линкопинг их сургууль болон LinkoCare Life Sciences AB-ийн судлаачдын хамтран хийсэн уг судалгааг Nature Biotechnology сэтгүүлд нийтэлжээ.
Дэлхий даяар эвэрлэг бүрхэвч гэмтэж, өвчилснөөс үүдэлтэй хараагүй 12.7 сая орчим хүн бий. Өнөөг хүртэл ийм шалтгаант хараагүйдлийг зөвхөн донороос эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгаж эмчилж байна.
Харамсалтай нь 70 өвчтөн тутмын нэг нь л эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломжтой байдаг аж. Түүнчлэн эвэрлэг шилжүүлэн суулгах эмчилгээний хүртээмж маш хязгаарлагдмал, дундаас дээш орлоготой орнуудын томоохон их сургуулийн эмнэлгүүд л хийдэг билээ.
Дэлгэрэнгүй бичлэг үзэх:
Линкопинг их сургуулийн Биоанагаах ухааны инженерийн тэнхимийн дэд профессор Мехрдад Рафат "Бид өөрсдийн шинэ бүтээлийг хүртээмжтэй, боломжийн үнэтэй байлгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Тийм ч учраас одоо энэ технологийг дэлхийн өнцөг булан бүрт ашиглах боломжтой" гэж мэдэгджээ.
Хүний эвэрлэг бүрхэвчээс өөр хувилбар бий болгохын тулд судлаачид гахайн арьснаас гаргаж авсан коллагены молекулуудыг ашиглаж, хүний нүдэнд харьцах, суулгахад тэсвэрлэх чадвартай бат бөх, тунгалаг материал бүрдүүлжээ. Донороос авсан эвэрлэг бүрхэвчийг хоёр долоо хоногийн дотор ашиглах ёстой байдаг. Харин "хиймэл эвэрлэг"-ийг хоёр жил хүртэл хадгалах боломжтой гэнэ.
Мэс заслын аргыг боловсруулсан судалгааны бүлгийг ахалсан Нейл Лагали "Хиймэл эвэрлэгийг суулгахдаа оёдол тавих шаардлагагүй. Нүдний эвэрлэгийн зүсэлтийг дэвшилтэт лазерын ачаар өндөр нарийвчлалтай хийх боломжтой, гэхдээ шаардлагатай тохиолдолд энгийн мэс заслын багажаар хийж ч болно. Энэхүү аргаа анх гахайн дээр туршиж үзсэн. Биоинженерийн эвэрлэгийг суулгах мэс засал донороос эвэрлэг шилжүүлэн суулгахаас хялбар бөгөөд эрсдэл багатай" гэжээ.
Донороос эвэрлэг шилжүүлэн суулгах үед эмийг хэдэн жилийн турш уух ёстой байдаг аж. Харин шинэ мэс заслын аргыг хэрэглэхийн тулд 2 сарын хугацаанд дархлаа дэмжих нүдний дусаалгатай эмчилгээ хийхэд л хангалттай гэж үзжээ.
Ингээд туршилтын эмнэлзүйн судалгаанд өвчний улмаас хараагаа алдсан, харааны түвшин муудсан 20 хүн оролцож, "хиймэл эвэрлэг" суулгуулсан байна.
Мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийг хоёр жилийн турш ажигласан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн хүндрэл гараагүй. Харин ч нүдний эвэрлэгийн зузаан, муруйлт харьцангуй богино хугацаанд хэвийн болжээ. Ихэнх оролцогчдын харааны түвшин сайжирсан ба Энэтхэгийн гурван оролцогч мэс заслын дараа бүрэн хараатай болсон байна.
Энэхүү "хиймэл эвэрлэг"-ийг эрүүл мэндийн салбарт ашиглахаас өмнө илүү өргөн хүрээний эмнэлзүйн судалгаа хийж, зах зээлийн зөвшөөрлийг зохицуулах байгууллагуудаас авах ажил үлдээд байна.
Сонирхуулахад, "хиймэл эвэрлэг" бүрхэвч гаргаж авахад хүнсний зориулалтаар нядалсан гахайн арьс ашиглах учраас эдийн засгийн хувьд ашигтай байх ажээ.
Эх сурвалж: Nationalhogfarmer
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.