Ираны шинэ дээд удирдагчаар Аятолла Али Хаменигийн хүүг сонголоо

Ираны шашны өндөр албан тушаалтнуудын зөвлөл өнгөрсөн шөнө амиа алдсан Аятолла Али Хаменигийн хүү Можтаба Хамениг тус улсын дараагийн дээд удирдагчаар сонгосноо зарлалаа.

Можтаба Хамени өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй. Гэсэн хэдий ч Ираны шашны хүрээлэлд нөлөө бүхий, улс төрийн хүрээнийхэнтэй ойр хүн хэмээн яригддаг байна. 

Ираны дээд удирдагчийн албан тушаал нь албан ёсоор өв залгамжлагддаггүй. Харин Ираны шашны дээд байгууллага болох Мэргэжилтнүүдийн зөвлөл (Assembly of Experts) дээд удирдагчыг сонгон томилдог журамтай.

Иймээс Хаменигийн хүү эцгийгээ залгамжилж магадгүй гэх таамаг олон жилийн турш улс төрийн хүрээнд маргаан дагуулсаар ирсэн юм. Зарим шинжээч үүнийг Бүгд Найрамдах Исламын улсын зарчимтай зөрчилдөж болзошгүй гэж үздэг бол дэмжигчид нь улс төрийн тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөөтэй гэдэг байна.

Ираны дээд удирдагч буюу Supreme Leader нь тус улсын улс төр, цэрэг, шашны бодлогын хамгийн дээд эрх мэдлийг атгадаг албан тушаал юм. Дээд удирдагч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас гадна шүүх засаглалын удирдлагыг томилох, улсын гол бодлогын чиглэлийг тодорхойлох чухал нөлөөтэй байдаг.

Иран улс 1979 оны Исламын хувьсгалын дараа шашны удирдлага давамгайлсан улс төрийн тогтолцоонд шилжсэн. Тухайн үед Аятолла Рухолла Хомейни тус улсын анхны дээд удирдагчаар сонгогдож байсан бөгөөд 1989 онд түүнийг нас барсны дараа Али Хамени энэ албыг хашиж эхэлсэн юм.

Али Хамени 35 гаруй жилийн турш Ираны дээд удирдагчаар ажилласан бөгөөд хамгийн удаан хугацаанд төр барьсан нөлөө бүхий хүний нэгт тооцогддог.

Шинэ дээд удирдагчийн томилгоо нь зөвхөн Ираны дотоод улс төр төдийгүй Ойрх Дорнодын бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын харилцаанд нөлөөлөх боломжтой гэж ажиглагчид үзэж байна.

Иран улс бүс нутагтаа цэрэг, улс төрийн нөлөө бүхий орнуудын нэг бөгөөд түүний бодлого нь Ойрх Дорнодын аюулгүй байдал, Израильтай холбоотой хурцадмал байдал, барууны орнуудтай харилцах харилцаа, мөн цөмийн хөтөлбөрийн асуудал зэрэг олон сэдэвт шууд нөлөөлдөг.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.