Сөүлийн нэгэн бага сургууль шинэ элсэгчгүйгээр хичээлийн жилээ угтжээ

Хүдэрчулууны Хулан
03 сарын 04, 2026

Солонгост сургуулиудаа ад үзэх хандлага бодитоор нүүрлэж эхэллээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод энэ жил анх удаа нэгдүгээр ангийн нэг ч элсэгчгүйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн бага сургууль гарчээ. БНСУ-ын хичээлийн шинэ жил өдийд эхэлдэг бөгөөд нэгдүгээр ангид элсэж буй сурагчдаа онцгойлон хүлээн авдаг. Тэдэнд баяр хүргэсэн хүндэтгэлийн самбар, цэцэг сэлт болж, түүнчлэн сургуулиас нь болон тухайн орон нутгийн захиргаанаас нь сургуульд орсонд нь талархал илэрхийлж мөнгө хүртэл өгдөг байна. Хичээлийн хэрэгслүүдийг иж бүрнээр нь сургуулиас нь даах бөгөөд, үдийн цай, сүүний төлбөрийг эцэг, эхээс нь авдаггүй. 

Гэвч энэ жил БНСУ-д улсын хэмжээнд нийт  210 сургуульд нэгдүгээр ангийн нэг ширхэг ч элсэгчгүйгээр энэ оны хичээлийн шинэ жилийг эхлүүлжээ.


Энэ нь үндсэн хоёр шалтгаантай бөгөөд эхнийх нь БНСУ-д шинээр хүүхэд төрөх явдал эрс багасч буй явдал. Орон сууцны өртгөөс болоод залуус нь гэрлэлтийг хойш тавьж буй. Бас солонгост хүүхэд өсгөнө гэдэг маш өндөр зардалтай аж. Хэдийгээр боловсролын тэгш эрхийг хангах бодлогын хүрээнд бага, дунд, ахлах ангийн боловсролыг үнэ төлбөргүй боловч, орчин цагийн өндөр хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чанартай солонгос иргэнийг бэлтэхийн тулд эцэг, эхчүүд хүүхдээ маш олон төрлийн дугуйлан, секц, нэмэлт хичээлүүдэд хамруулахаас аргагүй болдог. Тэдгээрийнх нь төлбөр өндөр. Түүнчлэн хүүхэдтэй болсон л бол хүмүүс машинаа томруулна, чанартай хоол хүнс, хувцас хунараар хангана. Хүүхдээ нэмэлт хичээл, дугуйлан секцэд хамрулахын тулд эцэг, эхийн зүгээс ч ихээхэн цаг хугацаагаа зарцуулах шаардлагатай учир хувийн карьер хөөх нь бараг л боломжгүй болдог. 


Энэ жил 210 бага сургууль туузаа хайчилж чадсангүй

Долоон настнууд сургуулийн танхимыг хоосруулж байгаа бас нэгэн шалтгаан нь БНСУ-д шинээр барьсан хотхон бүр сургууль, цэцэрлэг барих ёстой гэсэн хуулийн шаардлагатай холбоотой аж. Сөүл хотын иргэд энэ талаар, “Зарим дүүрэгт таван минутын газарт дөрвөн бага сургууль, гурван дунд сургууль, гурван ахлах сургууль байна. Тэгэхээр аргагүй шүү дээ. Манай улс хэтэрхий олон сургуультай байна. Энэ олон сургуулиа заримыг нь нэгтгэх ёстой” хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл, солонгосууд сургуулийн барилгуудаа “ад үзэж” эхэлжээ.  Бас, “20 сая гаруй хүн амтай Сөүл хотод хүртэл нэг ч элсэгчгүй бага сургууль гарч ирж байхад хөдөөд 210 бага сургууль элсэгчгүй байгаад одоо гайхах зүйл алга” гэцгээж байна. 


Өөр  нэгэн аймгийн бага сургуульд ердөө ганцхан хүүхэд элсэж орсон бөгөөд энэ талаар Солонгосын хэвлэлүүдэд “Нэг ч найзгүйгээр сургуулийн амьдралд хөл тавьлаа” гэхчлэн гарчигласан мэдээнүүд хөвөрч байна. Хэдий ганцхан хүүхэдтэй ч гэсэн түүнд зориулсан хичээлийн үйл ажиллагаа тасалдахгүй. 


Сөүл хотод нийт сурагчийн тоо 240-өөс бага “жижиг сургууль”-ийн тоо 2015 онд 25 байсан бол өнгөрсөн жил 85 болж гурав дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, сурагчдын тоо буурах тусам сургуулийн барилга илүүдэж эхэлжээ.

Солонгос улсад хүүхдүүд долоон настайгаасаа сургуульд явж эхэлдэг. Бага насны хүүхдүүд цөөрч байгаа нь, мөн сургуулийн илүүдэл гарч байгаа явдал энэ улсынхныг ирээдүйн нэгэн сонин үзэгдэлд бодитоор хөтөж буйг мөн тэд хөндөж байна. Юу гэхээр, БНСУ-д хүн амын дундаж наслалт өндөр болсон бөгөөд ахмадуудын тоо харьцангуй олон болж буй. Тиймээс сургуулийн эзэнгүй барилгууд удахгүй өндөр настнуудын асрамжийн газар болж, зориулалтаа өөрчлөх нь гарцаагүй болж байна гэх яриа ч энэ улсад эрчтэй гарч байна.


Солонгост залуус гэр бүлтэй болж, үр хүүхэд гаргахаас нохой тэжээхийг илүүд үздэг болсныг ганцхан жишээ харуулна. Тэр нь ойрхоны нэг жилийн судалгаагаар нохойн тэрэгний борлуулалт хүүхдийн тэрэгнээс давсан байжээ.

 


Холбоотой сэдвүүд

нийгэм бнсу хүн ам

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.