Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 24, 2026
2026 оны өвлийн олимпын наадмын эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд америк тамирчин Алиса Лью алтан медаль хүртлээ.
Хятад гаралтай Алиса Лью эгэл бус нэгэн. Учир нь тэрбээр 2022 оны Бээжингийн өвлийн олимпоос хүрэл медаль хүртэж, дөнгөж 16 настайдаа зодог тайлж буйгаа мэдэгдэн спортын ертөнцийг цочирдуулсан.
2022 оны Бээжингийн өвлийн олимп
Түүний аав Артур Лью 1989 онд Бээжингийн Тянь Ань Мэний талбай дээрх оюутны ардчиллын хөдөлгөөнд оролцож явсан нэгэн ажээ. Дараа нь АНУ-д дүрвэн очиж, амьдралаа шинээр эхлүүлсэн байна. Тэрбээр ууган охиноо дэлхийн хэмжээний тамирчин болгохоор шийдэж, Алиса таван настайгаасаа шахуу цагийн хуваариар бэлтгэл хийж, тэмцээнээс тэмцээний хооронд хүүхэд насаа өнгөрүүлжээ.
Ингээд Алиса 13 настайдаа АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу аварга боллоо.
Ирээдүйн олимпын аварга хэмээгдэж байсан түүнийг нэг л өдөр спортоо орхино гэх бодол хэний ч санаанд буугаагүй нь лавтай. Тэрбээр зодог тайлахдаа, “Зорьсондоо хүрсэн, одоо эрх чөлөөг мэдэрч, гэр бүл найз нөхөдтэйгөө хамт байхыг хүсэж байна” гэсэн байна.
| Зураг | Тайлбар |
![]() | Алиса 13 настайдаа АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу аварга болов |
![]() | Алиса 13 настайдаа АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу аварга болов |
COVID-19 цар тахлын үеэр Алиса анх удаа удаан хугацаанд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, амьдралын сайхан амтыг мэдэрчээ. Тэр үед л энэ хэвээр спортоо үргэлжлүүлбэл хэзээ ч гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх боломжгүй болох юм байна гэж бодсон тухайгаа нэгэн ярилцлагын үеэр хэлжээ.
“Би зөвхөн бэлтгэл хийдэг хүүхэд болсон байсан, харин гэртээ байх хугацаанд “Хөөх, амьдрал чинь ийм сайхан бил үү?” гэж бодсон” хэмээн ярьсан байна.
Хамгийн сонирхолтой нь энэ шийдвэрээ аавтайгаа огтхон ч зөвшилцөлгүй, бие даан гаргасан байна. Ингээд “Эцсийн эцэст энэ бол миний амьдрал” гэж хэлсэн нь олон хүний анхаарлыг татаж байжээ.
| Зураг | Тайлбар |
![]() | Алиса аав Артур Льюгийн хамт |
![]() | |
![]() | Артур Лью “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадмын үеэр... |
Харин хоёр жилийн дараа бүсгүй ахин мөсөн талбайд гарч ирэхдээ аварга болох мөрөөдлөөс илүү өөрийнхөөрөө амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг хүсжээ. Тэрбээр буцаж ирэхдээ аавтайгаа тохиролцож, “Үзүүлбэрийн хөгжим, бүтээлийн санаагаа өөрөө гаргана, ачааллаа өөрөө зохицуулна, хүсвэл амарч, хатуу хоолны дэглэм барьж өөрийгөө хүчлэхгүй” гэжээ. Түүнчлэн “Хэн ч ялалт, амжилтын тухай зөвлөгөө, зааварчилгаа өгөхгүй, шаардлага тавихгүй” гэсэн нөхцөлтэйгөөр буцаж ирэхийг зөвшөөрсөн байна. 2025 онд АНУ-ын Бостон хотод түүнийг дэлхийн аварга болоход Артур Лью тайзны ард бус, үзэгчдийн суудлаас тоглолтыг нь харж суусан байна. Хэн нэгний дарамт шахалтаар бус өөрийн хүслээр гулгаж эхэлснээс хойш Алиса улам тогтвортой, чөлөөтэй болсныг шинжээчид онцолж байгаа аж. Энэ удаад тэр өөрөө өөрийнхөө эзэн болон буцаж иржээ.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Алиса Льюгийн түүх өөрийгөө сонгох нь ухралт биш харин илүү хүчтэйгээр эргэн ирэхийн эхлэл байж болдгийг олон хүнд ухааруулсан юм. Спортоо орхисон нь ялагдал биш, харин өөрийгөө шатаж дуусахаас нь өмнө аварч үлдсэн шийдвэр байжээ.
Эх сурвалж: Olympics, The Guardian
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.