Хараша Бафана: Бусдын амьдралд эергээр нөлөөлөх утга учиртай бизнес хийх нь хамгийн том брэндинг

П.Мөнгөнсор
08 сарын 30, 2024

Peak.mn сайт бизнесийн коүч Хараша Бафанатай ярилцлаа. Тэрбээр Сингапурт сая ам.долларын үнэлгээ давсан бизнес эрхэлж явсан эмэгтэй бөгөөд өөрийнхөө түүхээр олон мянган бизнес эрхлэгчдийг брэндингээ бүтээхэд тусалсан чадварлаг ментор юм. 

Хараша манай уншигчдад хэрхэн бизнесийнхээ болон хувийн брэндингээ бүтээх талаар үнэтэй зөвлөгөө өгснийг сийрүүлэн хүргэе. 


Амжилттай бизнес босгосон миний түүх 


Би ажлын гараагаа төрийн албанаас эхэлж байлаа. Тэр үедээ олон хүний өмнө ярьдаг, бусдад зөвлөгөө өгдөг хүн болно гэж ерөөсөө ч төсөөлөөгүй. Ахтайгаа хамтран рестораны бизнес хийж эхэлснээр энтрепенер болох эхлэл тавигдсан. 

Бид хоёрын гар нийлж босгосон бизнес маань дөрвөн жилийн дотор Сингапуртаа төдийгүй Азид алдартай Самар хэмээх рестораны сүлжээг бүтээж чадсан юм. 

Манай рестораны нэр хүнд өсөхийн хэрээр ашиг нэмэгдэж сард 20 мянган сингапур доллараас 1 сая сингапур доллар олдог боллоо. Би энэ үеэс л брэндингийн талаар суралцсан.

Мэдээж бизнесээ эхлэхдээ алдартай болгох зорилго тавиагүй. Ажлаа дурлаж хийдэг байсан учраас л энэ их алдар хүнд, үнэ цэнийг авчирсан гэж боддог. 

Бичлэг үзэх:

 

Энэ бизнесээ хийхээ больсон ч надад маш том туршлага үлдсэн. Хараша гэж хүн бэ, ямар зорилготой вэ, цаашид хэр өсөн дэвших потенциалтай вэ гэдгийг минь ойлгуулж, өөртөө итгэх итгэлээ олж авсан.

Тиймээс би жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ таниулах, брэндингээ тодорхойлох, бусдын алдааг давтахгүй байхад нь туслахаа коүч болохоор шийдсэн. Энэ жил би 50 нас хүрч байна. Энэ хугацаанд 5000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчидтэй ажиллажээ.


Брэндингээ бүтээх үе шатууд


Брэндинг гэдгийг аливаа байгууллага эсвэл хувь хүн бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийгэмдээ хэрхэн ойлгуулж, таниулж байгаа үйл явц гэж тодорхойлж болох юм. Өөрөөр хэлбэл ямар үнэ цэнийг хэнд зориулж хэрхэн хүргэж байна гэдгийг брэндинг гэж хэлэх нь. 

Тиймээс дотоод мөн чанар, өөрийнхөө чин хүслийг илэрхийлж чадвал тэр жинхэнэ брэнд болдог. 

Онолын хувьд бизнесийн болон хувийн брэндинг үүсгэхдээ дараах 5 үе шатыг дамжина гэж үздэг. 


Юун түрүүнд, бизнес эрхлэгчид “Би юу хүсдэг вэ, яагаад энэ бизнесийг хийхийг хүсэж байна вэ” гэдгийг өөрөөсөө асуух нь зүйтэй. Үүнийг брэндийн зорилго гэж нэрлэнэ. 


Хоёрдугаарт, брэндийн зан төлөв гэж юу вэ?

Сэтгэл судлалын ухаанд брэндийн 12 төлөвийг Швейцарын сэтгэл судлаач Карл Жунг тодорхойлсон байдаг.

Тэдгээрээс дурдвал зарим бизнес бүтээгч буюу бүтээлч салбарын тоглогчид байдаг бол нөгөө нь ухаалаг шинж чанартай байна. Ингээд асран хамгаалагч, гэм хоргүй, шоглогч, илбэчин, захирагч, баатар, энгийн, энгийнд захирагдах дургүй шинийг сэдэгч, судлаач, хайр татам гээд 12 төрөл бий. Эдгээрээс миний бизнес ямар зан чанартай вэ гэдгээ тодорхойлж гаргаж ирэх нь чухал. 


Гуравдугаарт, брэндийн үнэ цэнийг бүү март.

Нийгэмдээ ямар үнэ цэн өгөхийг хүсэж байгаагаа ойлгох нь брэнд бүтээх үйл явцын суурь гэж ойлгож болно. Аль болохоор том дүр зургаар нь харах хэрэгтэй. 


Дөрөвдүгээрт, харагдах байдалд анхаарах нь

Эхний 3 үе шатыг тодорхойлсны дараа таны бизнесийн өнгө будаг, лого, дүрслэл гээд гаднах дүр төрх орж ирнэ. 


Эцэст нь, маркетинг-харилцаа холбоо

Үнэ цэн, алсын хараа, зорилгоо тодорхойлсны дараа түүнийгээ бусдад хэрхэн ойлгуулах вэ гэдэгт төвлөрөх учиртай. 

Анзаараад байхад Ази эмэгтэйчүүд өөрсдийгөө илэрхийлэхдээ тийм ч сайнгүй тал ажиглагддаг. Гэхдээ монголчууд өөр юм билээ. Та нар зоригтой, дайчин, хүсэл зорилго, үнэ цэнээ бусдад тайлбарлаж чаддаг гэдэг нь илт мэдрэгдсэн.


Брэндингийн үнэ цэн өөртөө итгэх итгэлээс эхэлдэг


Өөртөө болоод бүтээж буй брэнддээ итгэлтэй байвал бусад хүмүүс нь юу гэх нь вий гэж бүү эмээ. Хамгийн чухал нь өөртөө үнэнч байж, түүнийгээ илэрхийлэхдээ шударга байгаарай. 

Орчин цагт бизнесийн брэндээс илүү хувь хүний брэндинг чухалд тооцогдох болсон. 

Ямар ч компанийн цаана хүн л байдаг. Хэрэглэгчид хүнээр тухайн брэндийг төлүүлэхийг хүсдэг нь сэтгэл зүйн мөн чанартай холбоотой аж. Тиймээс хэрэглэгчидтэйгээ бат бөх харилцаа тогтоож, компанийн брэндингээ сайжруулъя гэвэл хувь хүний брэндингээ тодотгох нь зөв сонголт. 

Мэдээж сошиал медиад харагдаж байгаа дүр төрх бодит байдлаас зөрүүтэй байдаг шүү дээ. Тиймээс хэнд ч сэтгэгдэл төрүүлж, таалагдах гэж хичээхгүйгээр, өөрийгөө байгаагаар нь илэрхийлж чадвал хүмүүст таалагдах болно.

Нөгөөтээгүүр, харилцагчидтайгаа холбоо тогтоож, өөрийгөө ойлгуулахын тулд хэт их мэдээлэл, контент бэлтгэх хэрэг байна уу, гайхуулж байгаа шиг тухгүй мэдрэмж төрүүлж байна гэдэг хүмүүс бий. Ерөөсөө ч тийм биш. Өөрийнхөө итгэл үнэмшил, үнэ цэнийг бусадтай хуваалцана гэдэг утга учиртай харилцаа тогтоох хамгийн шилдэг арга юм. 

Эцэст нь энэ бүгдийн тэнцвэрийг олж сурах нь хамгийн чухал гэдгийг онцолмоор байна. Бизнесийг тархиараа бас зүрхээрээ хийх ёстой. 

Холбоотой сэдвүүд

бизнес хараша

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.