Гоголь тун этгээд хачин зохиолч гэдгийг тун уран бүтээлийг нь уншигчид  андахгүй ээ. Далд ертөнц, ид шид, хар дом, зохиолч Гоголь үүнийгээ уран бүтээлдээ ашиглаж бичсэн нь цөөнгүй бий. Шинель туужид цоо шинэхэн оёулсан шинелиэ бусдад дээрэмдүүлсэн хөөрхий ядуу түшмэлийн сүнс хотоор тэнүүчилдэг тухай элэглэл бий.

Гоголийн онцлог нь хорорр, комеди хоёрыг хослуулан бичдэг авьяастай зохиолч . Украйн ардын үлгэр домгоос сэдэвлэн бичсэн ВИЙ хэмээх өвөрмөц тууж нь айдас хүйдэс, инээдэм элэглэлийг хослуулан бичсэн тун ч сонирхолтой зохиол билээ. Энэ зохиолыг монголчилсон билгүүн номч Б.Ринчен гуай сүрт тууж хэмээн нэрлэсэн байдаг нь тун ч оновчтой тодорхойлолт. Шашны сургуулийн гурван оюутан зуныхаа амралтаар орон нутгаа зорьж явахдаа замдаа төөрч нэгэн тосгонд ирсэнээр ер бусын сонин явдалтай учирдаг. Тэнгэрийн ёс судлагч Халява, гүн ухаан судлагч Брут Хома, зохист аялгуу судлагч Горобец Тиберий гурав хонох айл хайж явсаар нэгэн хөл хөдөлгөөн болсон байшингийн гадаа ирж хаалгы нь нүдэхэд эмгэн гарч ирдэг. Эмгэн эхлээд хүн хонох зай байхгүй гэж дургүйцсэн ч манай гурван баатрын шаргуу гуйлтаар хонуулахыг зөвшөөрсөн боловч тус тусдаа унтах болзол тавьдаг. Энэ нь учиртай байжээ. Гүн ухаан судлагч Хомаг унтаж байтал шөнө нөгөө эмгэн орж ирээд учир битүүлэг байдлаар ноцолдож бүр унаж давхисаар, сүүлдээ Хома эмгэнийг унаж үүр цайтал нажидтай юм болдог билээ. Гэтэл энэ хачин явдал ботидоор тохиолдоогүй ч юм шиг. 

Юу гэвэл нэгэн баян газрын эзний охин залуухан бүсгүй өөд болохдоо шашны сургуулийн оюутан гүн ухаан судлагч Хомагаар хойдохоо даалгах ном ушуулна гэж гэрээсэлсэн вм байх. Энэ хачин учир битүүлэг заллагыг хүлээн авсан Хома урьд нь огт очиж байгаагүй тосгондоо, өмнө огт уулзаж үзээгүй ор танихгүй бүсгүйн хойдохыг даах номыг уншихаар очдог. Үзэсглэнтэй залуухан охиноо цаг бусаар алдсан газрын эзэн Хомад өндөр шан харамж амалж, охиныхоо хүсэлтийг биелүүлэхийг гуйна. Учир битүүлэг хачирхалтай хүсэлт хүлээн авсан Хома үүнээс ч хачин жигтэй явдалтай нүүр учрах нь тэр.Шөлөөр сүм дотор ганцаараа ном уншин суух Хома, сүм дотуур нисэх хүүхний авс,сүмийн завсар зай болгоноор чихэлдэн орж ирэх хар хүчний сүнснүүд... Нас барсан бүсгүйн сүнстэй халз тэмцэл явуулах Хомад гарах гарц байсангүй...ВИЙ туужаар хийсэн оросын  триллер кино бий. 

Гоголь өөрөө үхэл, хойд насны тухай, шашны номлол, далд нууцлаг зүйлсийг гойд их сонирхон судалж байсан нь түүний зохиол дотор янз бүрийн байдлаар гарч ирдэг. Гоголийн үхэл ч нууцлаг хэвээр. Сэтгэл санааны гутралд орон гүн нойронд автсан түүнийг амьдаар нь оршуулсан ч байж магадгүй үздэг. Хожим түүний шарилыг Даниловын оршуулгын газраас шилжүүлэн зөөх үед гавал нь алга болсон, авсан дотроо эргэж хөрвөөсөн ч магадгүй байдалтай байсан гэнэ. Вий туужид учир нь үл ойлгогдох зүйлс, тархи толгой манаруулах үйл явдлууд бий. Тэр шулам эмгэн нас барсан хүүхний сүнсийг булаасан ч юм шиг.Хачин хачин юмнууд зөндөө. *Гоголийн зохиолыг уншиж ойлгохын тулд уншигчаас ургуулан бодох чадвар уран сэтгэмж шаардана гэж нэрт зохиолч Набоков дурджээ. 

ВИЙ гэдэг нь зовхи нь газар хүртэл унжсан сүрлэг үлгэр домгийн амьтан аж. Мань Хома өөрийгөө тойруулж номын гортиг татан хар хүчний сүнснүүдээс өөрийгөө хамгаалж дөнгөх боловч, ВИЙ гэгч тэр амьтаныг номын хүчээр аргалж болохгүй авай. Хүний зан араншинг урнаар элэглэн бичихдээ гарамгай мастер билээ Гоголь. Шашны сургуулийн оюутнуудын дэггүйтэл, зохиолын баатар гурван нөхрийн зан авир, инээдэмт байдлыг тун ёжтой элэглэсэн нь их л сонирхолтой. 

Уран сэтгэмжийг хошигнолтой хослуулж, ид шидийг бодит байдалтай сүлэн бичих тэр авьяас нь үнэхээр гоц бөгөөд түүний зохиолыг яг тийм гэж тодорхойлон хэлэхэд хэцүү билээ.Яг л далайн мандал дээгүүр хөвж явснаа гэнэт хөлгүй гүн харануй ёроол руу нь унах мэт ер бусын таагдашгүй хувиралууд, огцом эргэлт, зүүднээс зүүд рүү дамжин явах мэт төөрөгдлүүд, ерийн зүйлс ер бусын чанарт хувилж, тэр нь эгээ л бодит мэт сэтгэл оюунд итгэл үнэмшил төрөх нь гайхал төрүүлнэ.Тэр бас гашуун реализмыг гайхалтай уран дүрслэлээр сэтгэл шимширтэл үзүүлж чадна.Түүний нэг жишээ нь гүүш Б.Ринчен гуайн орчуулсан *Тарас Бульба хэмээх эмгэнэлт туульс билээ. 

Гүн ухаан судлагч Хомад яг юу тохиолдовоо гэж би одоо хүртэл гайхширсаар байгаа билээ.Уншигч ургуулан бодож, таамаглал дэвшүүлэх боломжийг нээлттэй орхидог учраас түүний зохиол уншигчийн толгойд өөр олон хувилбараар бичигдсээр байдаг бизээ.*Хэрэв чамд ургуулан бодох чадвар байхгүй бол зохиол бичихийн хэрэг юу байх вэ* гэж өнөө цагийн нэрт романч, Нобелийн шагналын байнгын нэр дэвшигч Мүраками хэлсэн байдаг билээ.Тэгэхээр зохиолч, уншигч аль аль нь ургуулан бодох чадвараа хөгжүүлэх хэрэгтэй болох нь ээ.