Дэлхийд улс төр, нийгэм, эдийн засгийн болоод мэдлэгийн загвар орон болж чадсан Герман улсын бүтээн байгуулалт, мэдлэг, технологийн хөгжил бас тийм ч дардан замаар яваагүй аж. Өнөөдөр дэлхий нийтээрээ Герман Улсын хөгжлийг хараад гайхаж сууна.

Гэтэл Герман улс хамгийн багаас эхлэн, өнөөдрийн өндөр хөгжилтэй Герман улс болж чадсан нь сургамжтай. Дэлхийн хоёр ч томоохон дайныг даван туулсан гээд бодохоор ямар их зовлон бэрхшээл туулсан ард түмэн тэнд байх нь хэн бүхэнд ойлгомжтой биз. Дэлхийн 2-р дайны дараа ганц ч бүтэн жорлон, байшин барилга үлдээгүй Герман улс яаж Европын №1 хүчирхэг эдийн засагтай улс болсон нь бас л гайхамшигтай.

Ангела Меркел 16 жил төр, ард иргэддээ нэгэн сэтгэлээр үйлчилж, улстөрийн манлайлал болон ёс суртахууны тогтсон жишгийг алдагдуулалгүй үргэлжлүүлсэн нь өмнөх үеийнхний үлгэр, хичээл зүтгэл болов уу.

Германы улсын түүхэн чухал мөчүүдэд жинтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн тухай доор хуваалцая.

Мартин Лутер 30-аадхан насандаа Ромын Католик сүмийн ёс суртахууны доройтол, завхрал, авилгалыг эсэргүүцэж Христийн үнэн ёс суртахууны сургаалийг хамгаалж, хэд хэдэн ном бичсэнийхээ хариуд эсэргүүгээрээ дуудуулан Ариун Ромын эзэнт гүрний эзэн хааны өмнө шүүгдэхээр дуудагджээ.

1521 оны ”Diet of Worm” буюу Ариун Ромын эзэнт гүрний лидерүүдийн уулзалтад өөрийн байр суурийг хамгаалан тавьсан Мартин Лутерийн илтгэл Европын моралын хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн гэгддэг.

Төр шашны эсэргүү цол хүртсэн тэрээр Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаанд хандан хэлэхдээ: Ромын Католик шашны авилгал, дураараа аашлах байдал, завхрал нь нийт Европын сайн сайхан, үнэт зүйлийг уландаа гишгээд зогсохгүй, бахархалт Герман үндэстнийг оюун санааны хувьд дарангуйлан боолчилж байна. 

Бид өөрсдийгөө Христийн үнэн сургааль, ёс суртахууны тогтолцоог хамгаалагч, зөвийг эрхэмлэгч гэж нэрлэж явах хэрэг юун. Энэхүү агуу үндэстэн цаашид өсөн дэвжиж, хөгжихийн тулд Христийн нэрийг завшуулан боолчлогч дарангуйллын системийг таслан зогсоож, оюун санааны эрх чөлөөг тогтоох ёстой. Өөрөө өөрийнхөө эзэн болох ёстой.Христийн ёс суртахуун бол номхон дөлгөөн, бүрэг, хулчгар байх бус, харин үнэн, зөвийн төлөө дуугарч чадах зориг, эрдэм мэдлэгтэй байх тухай юм. Герман үндэстний сайн сайхан, ирээдүйн төлөө биш юм бол энэ шашин юу юм бэ, итгэгчдийн итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн Ромын Папын тогтолцоо бол оюуны дарангуйлал хэмээжээ.

Мартин Лутерийн шашны ёс суртахууны бүтээлүүд нь Европт Простестант шашны ёс суртахууны хувьсгалын эхлэлийг тавьсан ба орчин үеийн эдийн засаг, аж үйлдвэржилт хөгжих үндэс болсон гэж түүхчид үздэг.

Шашны ёс суртахуун хүртэл эх оронч байхын чухлыг Мартин Лутер өөрийн амьдралаараа Германчуудад нотолсон. Библийг дэлхийн түүхэнд анх удаа Латин хэлнээс өөрийн хэл рүү орчуулах ажлыг Мартин Лутер эхлүүлсэн.

Хожим нь Макс Вебер “ Протестант Этик бол Капитализмийн амин сүнс ” гэсэн номоо Мартин Лутерын эхлүүлсэн ёс суртахууны хувьсгал дээр үндэслэн туурвижээ.

19-р зууны Европын улс төрийн тавцанд улс төрийн ёс суртахууны хувьсгалыг хийж, тархай бутархай Германы хот улсуудыг нэгтгэж, Герман үндэстний нэгдсэн, орчин үеийн төрийг байгуулсан хүн бол Отто фон Бисмарк юм.

Европ тивийн өнцөг булан бүрт үндэстний үзэл, ард иргэдийн бослого газар авч, дайн самуун үүсвэл Германы биеэ даасан жижиг хот улсууд дайны хөлд үрэгдэж бусдын харьяанд орох аюулыг олж харсан тэрбээр Пруссын Парламентийн өмнө алдарт “Iron and Blood” илтгэлээ тавьж, бүх Германы хот улсуудын дунд цэрэг арми, эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг байр суурьтай Прусс бүх Германы төлөө шийдвэртэй алхам хийхийг шаардсан . 

Тэрээр хэд хэдэн оролдлогын дараа 1871 онд Пруссын манлайлал дор 39 Германы хот улсуудыг нэгтгэж, орчин үеийн, ёс суртахуун дээр суурилсан, өнөөгийн Европын холбооны тэргүүлэх байр суурьтай Герман үндэстний төрийг байгуулж чаджээ.

Гэхдээ Пруссын нэгдсэн улс нь нэгдсэн Германы эзэнт гүрнийг байгуулахад тэргүүлэх үүрэгтэй оролцож тухайн үеийн цэрэг арми, эдийн засгийн чадавхаараа ч бусад холбоотнуудаасаа хамгийн хүчтэй нь байсан.

Хэдий тийм боловч шинээр байгуулагдсан улсын нэрээ Пруссын эзэнт гүрэн хэмээн тунхаглаагүй бөгөөд нэгдсэн Герман үндэстний нэгдмэл байдал, нэг хүсэл, сайн сайхны төлөө нэгэн төр засгийн дор хамтдаа хүчин зүтгэх ёстой учир Прусс, Бавари, Хановер гэх жалга довны талцлаа зогсоож, цаашдаа тархай бутархай байхгүй байхыг албан тушаалаасаа буух хүртлээ сануулж байжээ.

Тиймдээ ч Пруссын манлайлал дор байгуулагдсан шинэ Герман улсын нэрэнд Прусс гэсэн нэр байхгүй. Түүнчлэн, Отто фон Бисмарк нэгдсэн Герман улсын бүх иргэн ямар нэг байдлаар эдийн засаг, үйлдвэрлэлийн ашгаас хүртэх, үйлдвэрлэлд тэнцүү оролцох боломж бүхий халамжийн тогтолцоог дэлхий дахинд анх цогцлоон байгуулж чадсан.

Өнөөгийн Герман улс


Дэлхийн 1,2-р дайнаас улбаалан Герман улсын эсрэг тавьсан улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд, өр төлбөрийн дарамт шахалтууд маш их байсан. Мөн Европыг сэргээн босгох Маршаллын төлөвлөгөөнд Герман Улсыг оруулахгүй гэж Франц, Их Британы зэрэг улсууд маш хүчтэй эсэргүүцэж байв.

АНУ Германыг чөлөөт зах зээлийн эдийн засаг, (Free Market Economy) либериализмыг сонгохыг тулгаж, хүчээр хэрэгжүүлэхийг зорьж байсан. Гэвч тухайн үеийн Германы Конрад Аденуэр тэргүүтэй удирдлагууд Герман орон өмнө нь чөлөөт зах зээлийн эдийн засаг болон либериализмыг эдийн засагтаа хэрэгжүүлж байсан, энэ нь ядуурал, ажилгүйдлийг дэвэргэж дэлхийн 1 болон 2-р дайн гарах гол нөхцөлийг бий болгосон гэсэн байр суурьтай байв. Хэрвээ дахин чөлөөт зах зээлийн эдийн засгийг Герман үндэстэнд хүчээр тулгавал дэлхийн 3-р дайн гарахгүй гэх баталгаа байхгүй хэмээн тэдэнд анхааруулж байжээ.

Герман улс чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон үед эрх мэдэлтнүүд авлигалд идэгдэж, улс орны баялгийг дээрэмдэн, Герман улс ядуурлын зовлонд нэрвэгдэснээр дэлхий нийтийг хамарсан том дайнууд гарсан. Тиймээс Герман үндэстэн чөлөөт зах зээлийн эдийн засгийг биш хамтын зах зээлийн эдийн засгийг (Social Market Economy) эдийн засгийн үндсэн бодлогоо болгожээ.

Тухайн үед үнэхээр дэлхийн 3-р дайн үүсэхгүй гэх баталгаа байхгүйг Конрад Аденуэр АНУ-ын төлөөлөгчдөд ойлгуулж чадсан учраас Герман улс хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлж эхэлсэн. Дайнд сүйдсэн Герман улсыг сэргээн босгож, хамтын зах зээлийн эдийн засаг дээр үндэслэн хөгжүүлж чадсанаар 1945–1955 онд буюу 10-хан жилийн дотор (German economic miracle) Герман улс Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болж чадсан.

Герман улс хямралаас гарах гарц нь төрийн оролцоо, зохицуулалттай хамтын зах зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, амжилтад хүртэл нь хөгжүүлж чадсанд байгаа юм. Хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлж, нэг ч Герман хүн зах зээлийн эдийн засгийн гадна үлдэх ёсгүй хэмээн үзэж, герман хүн бүр ажилтай, амьдралын баталгаатай байх тогтолцоог бий болгосон. Герман хүн бүр хангалуун амьдарч, сайн боловсрол эзэмших нь хамтын зах зээлийн эдийн засгийн гол зорилго нь байдаг аж.

Дайны дараагаар дэлхийн тэргүүлэх орнууд болох АНУ, ЗХУ, Их Британи зэрэг улсууд Герман орны хамаг л сайн мэдлэгтэй хүмүүс, тэдний бүтээсэн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж зэрэг өнгөтэй өөдтэй зүйлсийг нь булаан авч, өөр өөрсдийн улсдаа аваачсан. 

Дэлхийн 2-р дайнаас өмнө шинжлэх ухааны салбарын сэтгүүлийн 85% нь Герман хэл дээр хэвлэгддэг байсан бол дайны дараа Герман улс ихэнх эрдэмтдээ АНУ, ЗХУ зэрэг орнуудад алдаж, шинжлэх ухааны нийт сэтгүүлийн 90% нь Англи хэл дээр гардаг болсон аж.

Германы шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтуудыг өнөөгийн дэлхийд тэргүүлэх хөгжилтэй барууны улс орнууд авч ашигласан байгаа юм.

Өнөөдөр ХБНГУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.8 их наяд ам доллар ба үүний 70%-ийг үйлчилгээний салбар (үйлчилгээний салбар гэдэгт оюуны өмч, патент бас орно), 29.1%-ийг аж үйлдвэр, 0,9%-ийг ХАА-н бүтээгдэхүүн эзэлдэг.

Герман Улс нь дэлхийн хоёрдогч том экспортлогч, гуравдагч томоохон импортлогч орон юм. Төрийн оролцоо нь эдийн засгаа зөв зохицуулж, мэдлэг, морал дээр тулгуурласан стратегитай бодлогыг хэрэгжүүлж, чадвал ямар гайхамшигтай үр дүнд хүрдгийг Герман Улсын жишээ харуулдаг.