Германы Хемниц хотод эмх замбараагүй байдал үүсчээ

peak.mn
08 сарын 30, 2018

Германы Саксон мужийн Хемниц хотод мягмар гарагт эсэргүүцлийн жагсаал болж, энэ үеэр жагсагчид гадаад төрхтэй хүмүүс рүү халдсан хэрэг гарсныг тус улсын Канцлер Ангела Меркель буруушаалаа.

Өдгөө 35 настай герман залууг Сири, Ираны дүрвэгсэд хутгалсан хэрэг гарсантай холбогдуулан Хемниц хотын иргэд хоёр өдрийн турш жагсаал зохион байгуулсан байна.

"Ням гарагт хэт давруу үзэлтнүүд гадаадын гурван иргэнд халдсан байна. Үүний зэрэгцээ Гитлерийн хууль бус мэндчилгээг жагсагчид хийсэнтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна" Хотын цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдэв.

Харин даваа гарагт тус хотод болсон хэт барууны үзэлт болон фашистыг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулж, үймээн дэгдээсний улмаас 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

“Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн ардчилсан нийгэмд ийм зүйл байх ёсгүй. Хүмүүс зохисгүй жагсаал цуглаан хийж, бие биенийгээ хөөн, нэг нэгэндээ халдаж байгаа бичлэг байна. Бие биенийгээ үзэн ядах үзэл суртал манай нийгэмд байх ёсгүй” гэж Ангела Меркель сэтгүүлч нарт мэдэгджээ.

Харин Германы Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер, Холбооны улсын цагдаагийн газраас Хемниц хот руу цагдаагийн нэмэлт тусламж илгээнэ гэж мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

герман хемниц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.