Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Дархан Монгол ногоон нэгдэл"-ийн нэхэмжлэлтэй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжаар "Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрх"-ийг хүчингүй болгох шийдвэр гаргасныг бид өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн.

Шүүхээс гаргасан тус шийдвэрийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан "Дархан Монгол ногоон нэгдэл"-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тус нэгдлийн Удирдах зөвлөлийн дарга Д.Даш "Энэ шүүх хурал нэг өдөр болоод өнгөрсөн үйл явдал биш. Бид 2018 оны 10 дугаар сард эхэлсэн, шүүхийн процесс жил гаруйн хугацаанд нэлээд бэрхшээлтэй, хүнд явагдлаа. Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, аварга том Рио Тинто компанитай холбоотой маргаан үүсгэсэн болохоор улстөр, шүүхийн ямар нэгэн нөлөөлөл орчихвий гэж сэрэмжлээд өнгөрсөн хугацаанд хэвлэлд мэдээлэл өгсөнгүй.

Өнгөрсөн хугацаанд шүүх хурал олон удаа хойшлогдсон. Манай нэхэмжлэлийг Анхан шатны шүүх дээр хэрэгсэхгүй, хүчингүй болгож байсан. Бид Давж заалдаж, дахин маргааныг эхлүүлсэн. Шүүх процессын явцад Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх зэрэг төрөл бүрийн нөхдүүд орж ирж асуудлууд үүсгэж байсан зэрэг олон бэрхшээл тулгарсан.

Оюутолгойн гэрээ 2009 оны 10 дугаар сард хийгдсэн. Түүнээс хойшхи 10 жилийн хугацаанд маш их яригдаж, тус гэрээг сайжруулах, хэрэгжилтийг хянах зорилгооор УИХ, Засгийн газраас 5 удаа Ажлын хэсэг байгуулсан байдаг. Гэтэл бүгд яриа болж үлдсэн.

Энэ удаагийн шийдвэр бол тус гэрээг өөрчлөх бодит алхам боллоо" хэмээн мэдээллээ.

Үргэлжлүүлэн өмгөөлөгч Г.Батбаяр "Энэ гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж "Эрдэнэс Оюу Толгой", "Эрдэнэс Монгол" компаниудын Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Б.Бямбасайхан нар оролцон, гарын үсэг зурсан. Гарын үсэг зурах эрхийг тэдэнд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн байна. Улмаар Дубайн гэрээ байгуулагдсан.

Дубайн гэрээ яагаад хүчингүй болж байна вэ гэхээр, гарын үсэг зурах эрх авч очсон этгээдүүдэд олгосон Ерөнхий сайдын захирамж илт хууль бус захиргааны акт байсан гэж шүүх шийдвэрлэсэн. Тиймээс Дубайн гэрээ бүхэлдээ хүчингүй болох үндэслэл бүрдсэн. Одоо энэ гэрээн дээр маргалдах шаардлага байхгүй. 

Монгол Улсыг төлөөлөх эрхгүй этгээдүүд очоод гэрээ байгуулчихсан гэдэг хууль зүйн үндэслэл бий болсон учир "Дубайн гэрээ" хүчингүй болсон.

Гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон захирамжийг Засгийн газрын хуралдаанаар шийдэх ёстой байтал Ерөнхий сайд өөрөө хууль зөрчин, дангаараа захирамж гаргасан нь буруу гэж шүүх шийдвэрлэсэн. Иймд "Дубайн гэрээ"-ний хариуцлагыг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон гэрээнд гарын үсэг зурсан хоёр этгээд хүлээнэ. Гэрэээнээс үүдэн гарсан хохирол, үр дагаврыг дээрх этгээдүүд хариуцах болохоос биш Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэдэг хууль зүйн ойлголт бий болж байна.

Харахад, гарын үсэг зурах эрх олгосон Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгосон жижиг үр дагавартай мэт боловч цаанаа Монгол Улсыг хохироосон, 20 гаруй тэрбум долларын өрөнд оруулсан эрхзүйн үйл явдал арилж байна. Улмаар Монгол Улсыг хариуцагчаар олон улсын шүүхэд дуудах ямар ч боломжгүй боллоо. Хэрвээ гэрээнээс үүдэн гарсан хохирлыг төлүүлнэ гэх юм бол Ч.Сайханбилэг, Д.Ганболд, Б.Бямбасайхан гурав л албан тушаалаа урвуулан ашиглан, хууль бус захирамж гаргаж, өөрт болон бусдад давуу байдал олгосноороо хариуцлага хүлээж, хариуцагчаар татагдана. Тиймээс одоо бид олон улсын шүүхэд очиж, "Дубайн гэрээ"-г хүчингүй болгох ямар ч шаардлагагүй болсон " гэдгийг онцлон хэллээ.