Европын холбооны гишүүн орнууд 2024 оны намар гэхэд Европын холбооны нутаг дэвсгэр дээрх бүхий л гар утас, таблет, камерын цэнэглэгч зэргийг USB Type-C порт болгох тохиролцоонд хүрээд байна.

Ингэснээр хэрэглэгчид худалдаж авсан шинэ төхөөрөмж бүртээ тусад нь цэнэглэгч, кабель авах шаардлагагүй болж, бүхий л жижиг, дунд оврын зөөврийн цахилгаан төхөөрөмжид нэг цэнэглэгч ашиглах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Үйлдвэрлэгч компаниас үл хамааран кабелиар цэнэглэдэг гар утас, таблет, цахим ном унших төхөөрөмж, дижитал камер, чихэвч зэрэг нь USB-C порттой байх шаардлагатай гэж заасан байна

Зөөврийн компьютеруудыг ч мөн журам хэрэгжиж эхэлснээс хойш 40 хүртэлх сарын хугацаанд хэрэгжүүлэх ёстой болжээ.

Уг шийдвэр нь Европын холбооны хүрээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг илүү тогтвортой болгох, цахим хаягдлыг бууруулах, хэрэглэгчдийн амьдралыг хөнгөвчлөх зэрэг асуудалд шийдэл хайн ач холбогдол өгч буйн нэг жишээ болж байна.

Энэхүү зохицуулалт нь аливаа цэнэглэгчийг дахин ашиглах боломжийг бүрдүүлэх ба хэрэглэгчдийн шаардлагагүй цэнэглэгч худалдан авахад жил бүр зарцуулдаг 250 сая еврог хэмнэнэ гэж Европын парламент тооцоолсон байна. Мөн жил бүр цахилгаан төхөөрөмжөөс гардаг хог хаягдлын 11000 орчим тонныг  хаягдсан эсвэл ашиглагдаагүй цэнэглэгч эзэлдэг гэсэн тооцоо бий.

Уг журам хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхийн тулд Европын парламент болон Европын холбооны гишүүн орнууд албан ёсоор батлах ёстой. Түүнчлэн, уг журам хэрэгжихээс өмнө зах зээлд нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнд хамаарахгүй аж. 

Франс Пресс агентлагийн үзэж буйгаар Европын холбоо нь 450 сая хүн амтай зах зээл учраас USB-C портыг стандарт болгох нь дэлхийн ухаалаг утасны зах зээлд нөлөөлж магадгүй гэж таамаглаж байна.

Ихэнх бүтээгдэхүүндээ USB-C портоор бус өөрийн цэнэглэгч кабелийг ашигладаг Apple компани өнгөрсөн жил Европын холбоо үүнтэй ижил журам батлуулахаар санал оруулахад "инновацид саад учруулж буй шударга бус үйлдэл” хэмээн буруушаан эсэргүүцэж байсан билээ. 

Эх сурвалж: Yonhap