Өдгөөгөөс 50 гаруй жилийн өмнө их энерги,эгэл бөөмийн физикчид мухардалд ороод байлаа. Тэднийг энэ мухардалаас Петер Хигс гэх 30 шүргэж явсан залуухан Британи гаралтай физикч аварсан юм. Түүний санаа тун энгийн. Материал судлал дахь тэгш хэм аяндаа эвдрэх үзэгдлийг яагаад эгэл бөөмийн физикт ашиглаж болохгүй гэж?

2013 онд физикийн салбар дахь нобелийн шагналыг Франсуа Энглерттэй хамт хүртсэн тэрбээр 1929 онд мэндэлсэн Их Британи гүрний онолын физикч юм. 1960 онд эрдэмтэд цахилгаан соронзон харилцан үйлчлэл болон цөмийн сул харилцан үйлчлэлийн тухай идэвхитэй судлах болжээ. Улмаар эдгээр хоёр харилцан үйлчлэл нь өдгөө цахилгаан сул гэж нэрлэгдэх нэг харилцан үйлчлэлийн хоёр өөр төрх гэдгийг олж нээсэн юм. Гэвч асуудлууд ар араасаа цуварч эхлэв...

Хэрвээ Салам-Вейнберг-Глашоу нарын цахилгаан сул онол үнэн бол ертөнц дэхь бүх эгэл бөөмс массгүй байх ёстой байв. Гэвч туршилтын физикч нар сул харилцан үйлчлэлийг зөөгч бөөмс нь протоноос хүнд масстай гэдгийг таамаглаж байсан төдийгүй материйн үндсэн бүрэлдэхүүнд багтах электроннь маш бага ч масстай гэдгийг нэгэнт нотолсон юм. Тэдний онолд масс дутагдаж байв.

Петер Хигс,Франсуа Энглерт тэргүүтэй эрдэмтэд материал судлал дахь тэгш хэм аяндаа эвдрэх үзэгдлийг эгэл бөөмийн физикт ч мөн хэрэглэж болно гэж үзжээ. Энэ санаа нь цахилгаан сул харилцан үйлчлэлийн тухай Салам-Вейнберг-Глашоу нарын онол дахь нүхийг амжилттай бөглөсөн юм. Үр дүнд нь цахилгаан сул харилцан үйлчлэлийн тэгш хэм аяндаа эвдэрвэл сул харилцан үйлчлэл төдийгүй бусад бүх эгэл бөөмсүүдэд ч масс олгох боломжтой. Харин тэгш хэм хэрхэн эвдрэх билээ?

Тэгш хэмийн эвдрэлийг бий болгохын тулд бидэнд – Хигсийн орон хэрэгтэй. Үүнийг хялбараар Хигс бөөм гэж болно. Хигс бөөмийн улмаас цахилгаан сул харилцан үйлчлэл цөмийн сул болон цахилгаан соронзон гэсэн хоёр өөр харилцан үйлчлэл болон салцгаах бөгөөд үр дүнд нь сул харилцан үйлчлэлийг зөөгч бөөмс Хигс бөөмтэй харилцан үйлчлэлд орсноор масстай болно. Хигс механизм – гэж нэрлэгддэг энэ механизм бусад эгэл бөөмсийн хувьд ч хүчинтэй. Электрон,протоныг бүтээгч кваркзэрэг бөөмс нь Хигс бөөмтэй харилцан үйлчлэлд орсноор масстай болно. Ийнхүү орчин үеийн эгэл бөөмийн физикийн Стандарт Онолын суурь тавигджээ. Стандарт Онолын амин сүнс нь Хигсийн механизм юм. Ганц л асуудал үлдэв. Түүнийг хэрхэн илрүүлэх вэ?