Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг “Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүд”-ийн жагсаалтад багтсан 48 настай Зоу Кунфейн хөрөнгө 7.4 тэрбум ам.доллараар үнэлэгджээ.

Зүүн Хятадын Хунан тосгоны эгэл жирийн гэр бүлд төрсөн түүний бага нас тийм ч жаргалтай байсангүй.

Тэрээр 5 настайдаа эхийгээ алдаж, удаа ч үгүй аав нь хараагүй болж үйлдвэрийн ослын улмаас хуруугаа тайруулжээ.

Бяцхан охин ийнхүү хувь заяа нь өөрийнх нь гарт байгааг ухаарчээ. Мөнгө олохын тулд 16 настайдаа сургуулиасаа гарч, линзны үйлдвэрт ажилд орсон нь түүний амжилтын гараа байсан юм.


Ингээд дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй Зоу Кунфейн өгч буй 3 зөвлөгөөг хүргэж байна.

 

1. Үргэлж бэлтгэлтэй бай

Тэрээр бизнес эрхлэгчдэд учрах саад бэрхшээлд үргэлж бэлтгэлтэй байхыг зөвлөдөг. Мөн чинээлэг хатагтай саад бэрхшээл, бүтэлгүйтэлтэй нүүр тулах, тэмцэх зоригтой байх хэрэгтэй гэжээ. 

Тэрбээр “Би үйлчлүүлэгчидтэйгээ харилцахдаа тэд саналыг минь хүлээн зөвшөөрөөгүй үед юу гэж хэлэхээ үргэлж боддог байсан. Учир нь зарим үед татгалзсан хариулт ирэх нь ойлгомжтой тул үүнд бэлтгэлтэй байх нь чухал” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Иймээс “Нэгдүгээрт өрсөлдөх чадвараа хөгжүүл. Хоёрдугаарт сэтгэл санаагаа хүчтэй байлга. Гуравдугаарт зах зээл болоод өрсөлдөгчдийнхөө талаарх ойлголтоо дээшлүүл” хэмээн зөвлөж байна


2. Суралцахаа бүү зогсоо

Таны бизнесийн мэдлэг, ойлголт компанийн өрсөлдөх чадварыг тодорхойлдог.

Зоу үйлдвэрт ажиллангаа хагас цагаар сурдаг байсан бөгөөд нягтлан бодох бүртгэл, компьютерийн ажиллагааны болон худалдааны том оврын машины жолоочийн үнэмлэх хүртэл авч байжээ.

Тэр “Та сурах чадвартай бол хөгжих боломж байгаа гэсэн үг” гэжээ.


3. Хэзээ ч битгий шантар

Олон хүн өөрт тохиолдсон саад бэрхшээлд дийлдэн бууж өгснөөр биш сөрж, тэмцсэнийхээ дүнд урам зориг олж авсан байдаг.

Түүнчлэн амжилтын хамгийн чухал түлхүүр бол хүнд хэцүү цаг үед цөхрөлтгүй оролдсоор байх явдал юм.

Нэгэн удаа Зоу багаараа ажиллах хүмүүстэй дасгал хийх зорилгоор компанийн гүйцэтгэх албаны 20 гаруй хүнтэй Хунан дүүргийн далайн түвшинээс дээш 5000 метр өндөртэй Давэй ууланд авирахаар болжээ. Багийн зарим гишүүн замынхаа талаас шантран зогсоход Зоу тэднийг зогсолтгүй авирахыг шаардсан байна. “Учир нь замынхаа талаас шантрах үед чамд эргээд тэмцэх зориг төрөхгүй. Ахиад л бүхнийг эхнээс нь эхэлж зогссон газартаа гацсаар, бууж өгсөөр л байх болно. Харин бид цөхрөлтгүй хичээсээр байх үед амжилт бидэн дээр өөрөө ирдэг. Шалихгүй саад бэрхшээлд бүү бууж өг” гэжээ.