М.ОЮУ-ЭРДЭНЭ
04 сарын 18, 2023
Урт наслах нь удамшдаг ч амьдралын хэв маяг, дадал зуршилтай ихээхэн хамаардаг. Бид энэ удаа бясалгал хэрхэн урт наслахад нөлөөлдгийг судалгаатайгаар хүргэж байна.
Тогтмол бясалгадаг хүмүүсийн тархины хөгжил залууждаг
Нас ахих тусам бидний тархины мэдрэлийн эсүүд хорогдож нейротрансмиттер болон тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг.
АНУ-ын Висконсин-Мэдисоны их сургуулийн судлаачид 50 орчим насны хүмүүсийн дунд сонирхолтой судалгаа хийжээ.
Судалгааны дүнгээс үзэхэд бясалгал хийдэг хүмүүсийн тархины хөгжил бясалгал огт хийдэггүй хүмүүстэй харьцуулбал ойролцоогоор 7.5 насаар залуу байсан нь тогтоогджээ. Зөвхөн тархины хувьд төдийгүй махбод, гадаад төрхийн хувьд биологийн наснаасаа залуу харагддаг нь батлагдсан байна.
Тайвнаар бясалгаарай, таныг хорт хавдраар өвчлөхөөс сэргийлнэ
Бясалгал стресс тайлах шидтэйг хүн бүхэн л мэдэх болов уу. Гэхдээ энэ нь зүгээр л нэг үг биш шинжлэх ухаанаар батлагдсан үнэн юм.
Сүүлд Нью-Йоркийн Шинжлэх ухааны академийн “Annals” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд бясалгал стрессийг бууруулах замаар эсийн хөгшрөлтийг удаашруулж чаддаг талаарх дурджээ.
Тус судалгааны хүрээнд 18.8 жилийн хугацаанд 220 цусны даралттай, ахмадыг хамруулж, ажиглалт хийсэн байна.
Ахмадуудыг хоёр бүлэгт хуваан нэг хэсгийг нь зөвхөн бясалгалаар хичээллүүлжээ. Судалгаа бясалгал хийсэн ахмад настнуудын нас баралтын ерөнхий шалтгаан 23 хувиар буурсныг тогтоожээ. Нас баралтын шалтгааныг ангилж үзвэл зүрх судасны өвчлөл 30 хувиар, хорт хавдар 49 хувиар буурсан байна.
Бясалгал дараах өвчнүүдээс сэргийлнэ.
-Сонсголын мэдрэлийн хатингаршил үүсэхээс
-Архаг хууч өвчин сэдрэхээс
-Сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудтай тулгарахаас
-Мэдрэлийн эмгэгүүд болон зөнөх өвчин тусахаас
-Сэтгэлийн хямрал, түгшүүрт нэрвэгдэхээс сэргийлнэ.
-Нойргүйдлээ анагаана.
-Эерэг сэтгэл хөдлөлийн давтамж нэмэгдэнэ.
-Сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа ахиулна.
-Тархины хөгшрөлтийн үйл явц удааширна.
-Анхаарал төвлөрөлт, ой санамж сайжирна.
Оюун тархиндаа амсхийх зав олго
Бясалгадаг хүмүүс бусдаас илүү сэтгэл зүйн дархлаатай төдийгүй амьдралаас аз жаргалыг мэдэрч чаддаг гэдгийг та анзаарч байсан уу.
Тийм ч учраас сэтгэл зүйчид сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд насан туршдаа хэрэгжүүлж болох оюун санааны дасгал буюу бясалгалаар хичэээллэхийг санал болгодог.
Энэхүү нийтлэлийг уншиж буй танаас асууя, та хэзээ хамгийн сүүлд өөртөө цаг гаргасан бэ, бясалгалаар хичээллэж үзсэн үү?
Магадгүй та “Завгүй, өнөөдөр маргааш тийм ийм төлөвлөгөөтэй…” гээд түмэн шалтгаан дурдаж ч болно. Гэхдээ түр хүлээгээд өөрийгөө ажиглаарай. Хором ч завсарлалгүй ажиллаж буй оюун тархиа түрхэн зуур амрааж бодлоо цэгцлэх нь өөртөө гаргаж буй үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юм шүү. Үүнийг та бүү мартаарай.
Эх сурвалж: The Epoch Times
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.