“Новел инвестмент” компанийн захирал Д.Ангартай ярилцлаа.

-Өглөө хэдээс босч байна. Босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл чинь юу вэ?

-Өглөө зургаан цагт босдог. Босонгуутаа гэрийнхээ хажууханд Туул голын усанд ордог. Дөрвөн жил дарааллан орж байна. Хүйтэн усанд орохгүйгээр өглөөг эхлүүлнэ гэж төсөөлөхөд бэрх болсон шүү. Өгөөж нь гэвэл сүүлийн дөрвөн жил ханиад хүрсэнгүй, ажлын өдөр эрч хүч дүүрэн өнгөрдөг. 

-Ширээний номоо сонирхуулаач?

-Санхүүгийн зах зээлийн чигийн номнуудыг байнга сөхнө. Үүсмэл санхүүгийн хэрэгсэл, шинэ санхүүгийн хэрэгслүүдтэй холбоотой номуудыг уншихгүй өнгөрнө гэж байхгүй.“Да Винчийн код”-ын зохиолч Дэн Брауны номнуудыг амтархан уншдаг. Тун сонин жанраар бичдэг нөхөр. 

-Ямар банкаар үйлчлүүлж байна?

-ХААН банкаар үйлчлүүлдэг. Бараг хүн бүр энэ банкинд данстай гэдэг утгаар нь. Санхүүгийн бизнес эрхэлдэг учраас мөнгө төгрөг шилжүүлэх ажил их гарна. Банк хоорондын шилжүүлгийн зардал энэ тэрийг нь бодолцоод шинээр гэрээ байгуулсан хүмүүсийнхээ дансыг ХААН банкинд нээлгүүлж байна.

-Унадаг машин...?

-BMW 320. Англид Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа дипломатын хөнгөлөлттэй үнээр худалдаж авч байсан юм.

-Хаана амьдардаг вэ?

-Bella vista. 

-Хооллоход өдөрт хэчнээн төгрөг зарцуулж байна?

-Хаана хооллохоосоо шалтгаална. Ресторанд орвол 30-40 мянгыг зардаг. Оффисийнхоо зоогийн газар орвол мэдээж илүү хямд үнэ төлөөд хооллочихно.

-Фэйсбүүкийн найз, жиргээний дагагчдын тоо?

-Фэйсбүүкийн найз 5000 давсан. Жиргээнд сүүлд орсон, 1600 орчим дагагчтай. 

-Жиргээнд хэнийг онцгойлж дагадаг вэ?

-Мистер Ситизен-ий жиргээг онцгойлж хардаг. Нинжбат гээд хууль залуу байдаг. Танхай эмээ байна.

-Харилцдаг экспертүүдээ нэрлээч?

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн зах зээлийг солонгоруулах хүсэлтэй учраас найзуудтайгаа Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо гэж байгуулсан. Холбооныхоо гишүүдтэй ямар бүтээгдэхүүн Монголд тохирох, яаж хөгжүүлэх талаар байнга санал солилцож харилцдаг. Гаднаас JP Morgan, Голдман сакс гэх мэт Америкийн санхүүгийн байгууллагуудын гаргаж байгаа бүтээгдэхүүнийг анзаарч хардаг.

-Мэдээллээ ямар эх сурвалжуудаас авч байна?

-Хамгийн олон хүнд, хамгийн нөлөөтэй хүрдэг учраас “Өдрийн сонин”-ыг өдөр бүр хардаг. Вэб сайт гэвэл news.mn. Сэтгүүлээс “Монголиан экономи”-г уншдаг. Телевиз үзэх зав гардаггүй. 

-Санал бодлоо солилцож найзалж нөхөрлөдөг эдийн засагч, санхүүчид олон биз?

-Сангийн яаманд ажиллаж байхдаа найзалж нөхөрлөсөн хэдтэйгээ санал бодлоо солилцоод явдаг. Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа гээд олон хүн бий.

-Үгийг нь тогтож сонсдог улстөрч бий юу?

-Улстөрчдөд сүсэггүй болсон. 27 жилийн турш Монголыг ийм болгочихсон улсыг сонсоод ч яах юм.

-Санхүүгийн зах зээлийг төдийгөөс өдий хүртэл буруу хөгжүүлсээр ирсэн гэж шүүмжилдэг хүмүүсийн нэг нь та. Уг шалтгаан нь арилжааны банкууд уу, эсвэл таны үгийг нь сонсохоос ч тойрдог болсон улстөрчдөөс, төрөөс үүдсэн гажуудал уу?

-Банкны тухайд санхүүгийн зах зээл дээр байх ёстой, үгүйсгэж болохгүй дэд бүтэц. Гол нь зохистой харьцаа нь алдагдчихаад байна. Банкнаас гадна хөрөнгийн зах зээл, санхүүгийн бусад үйлчилгээ, даатгал гэж байх ёстой. Бие биенээ орлодог нөхдөг, сонголттой байж өрсөлдөөн үүснэ, тухайн зах зээлийн чанар сайжирна. Төрийн бодлогогүйгээр энэ эрс тэс харьцааг засах аргагүй. Яагаад ийм байдалд хүрсэн нь ч бас төрийн бодлоготой холбоотой. Төртэй илүү ойр нь банк байсаар өнөөг хүрсэн. Банкууд улстөрийн намуудыг санхүүжүүлдэг, улстөрчдийг лоббиддог, сонгуульд нь хандив өргөдөг. Төрөөс гардаг бүх хууль тогтоомж шийдвэрт банкууд өөрсөдтэйгөө холбоотой бүх давуу эрхээ тусгуулчихсан учраас хөрөнгийн зах зээл, даатгал зэрэг бусад санхүү нь хөгжихгүй байгаа юм. 

-Ганц банк ч биш бизнесийн ямар ч байгууллага, салбар ашигтай ажиллахын тулд лобби хийдэг. Санхүүгийн зах зээлийн бусад оролцогчдод ч лобби хийгээд орон зайгаа эзлэх боломж байгаа юм биш үү?

-Банкуудыг буруутгах санаагүйгээ таны өмнөх асуултад онцолсон. Арилжааны банкууд ашгийн төлөө бизнес хийдэг гэсэн асуулттай чинь санал нэг байна. Хэлсэн үгээр нь хууль, журам баталдаг төрд хамаг учир байгаа юм. Уг нь санхүүгийн систем аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлдэг бүтэц. Гэтэл төрийн энэ хандлагаас болж санхүүгийн систем нь зүгээр л хүүлэлтийн систем болчихсон. Хүүлдэг, хамаг ашиг орлогыг нь сорж авдаг, дампууруулдаг тогтолцоо болоод хувирчихлаа. Үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц хэмжээний дүр зураг харагдаад эхэлчихсэн. Ихэнх аж ахуйн нэгж банкны хэт өндөр хүүнээс бол дампуурч байна. Улс орныг Ерөнхий сайд биш аж ахуйн нэгжүүд авч явдаг. Ерөнхий сайдын цалинг тэднээс авсан татвараас гаргадаг. Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь өрийн сүлжээнд байгаа. Банкнаас авсан зээлээ аргацаахын тулд банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээл рүү ордог. Банк бусын зах зээлийн сарын хүү тав, зургаагаас буухгүй яваа нь эрэлт их байна гэсэн үг.

-Банк бусаас энгийн иргэд зээл авдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Одоо компаниуд хандаад эхэлжээ дээ?

-Жирийн иргэн тийм өндөр хүүтэй зээл авахгүй, авдаггүй. Дандаа том компанийн захирлууд, дажгүй үл хөдлөх барьцаалчихаар хэсэг л банк бусаас зээл хүсдэг. Бүр тодруулж хэлбэл банкнаас зээл аваад төлж чадахгүйд хүрсэн компанийн захирлууд банк бус санхүүгийн байгууллагад ханддаг. Банк бусынхаа зээлийг төлж чадахгүйд хүрээд ирэхээрээ хаашаа ханддаг гэж та бодож байна?

-Ломбард уу?

-Тийм, аргагүйдэхээрээ ломбард руу очдог. Ломбардын жилийн хүү нь бараг 200 хувь. Ингээд өсч хөгжих ёстой аж ахуйн нэгжүүд маань хүүлэлтэд дарлуулаад байна. Би үүнийг хүүлэлтийн махны машин гэж нэрлээд байгаа юм. Аж ахуйн нэгжгүй болчихвол Монгол улс байхгүй гэдэг утгаараа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах учиртай асуудал.

-Компанийн эзэд ломбарданд очихдоо тулсан гэдэг үг анхаарал татаж байна. Судалгаа явуулсан уу, эсвэл өөр аргаар олж мэдэв үү?

-Би хоббиныхоо хүрээнд жижиг бизнес эхлүүлээд удаагүй байна л даа. 9911-тэй дугаар барьцаалаад зээл өгч эхэлсэн. Энэ төрлийн зээл зах зээл дээр сарын таван хувийн хүүтэй. Үүнээс ч бага хүүтэй байх боломжтойг нотлохын тулд сарын 1.99 хувийн хүү тогтоосон. Тавтай харьцуулахад бага хүү болохоос бас л өндөр хүү. Таван жилийн өмнө Монголын топ 100 аж ахуйн нэгжид багтаж явсан компанийн захирлууд “Ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм. Мөнгөгүйдчихлээ” гээд утасныхаа дугаарыг барьцаалахаар ирж байна. Хүүлэлтийн махны машин улс даяар 27 жил явчихсны балаг л даа.Үүнийг нь зогсоох сонирхол төрд алга. Аж ахуйн нэгжийн захирлууд гар утасныхаа дугаарыг барьцаанд тавьж ажилчдынхаа цалинг тавьтлаа сөхөрсөн гол шалтгаан нь ерөөсөө энэ. 

-Хэн ч таваас 1.99 хувийн хүүг илүүд үзнэ л дээ. Яг одоогоор хэдий хэрийн зээл гаргаад байна?

-Манай зээлийн багц тэрбум 300 сая давчихсан. Зөвхөн 9911 барьцаалсан зээл гэхэд том тоо. 10, 15, 20 саяар зээл олгож байна. Монголд зээлийн хүү буурах боломж бий гэдгийг харуулахын тулд туршилт маягаар эхлүүлсэн үйлчилгээ болохоос миний үндсэн бизнес биш.

-Компанийн захирлуудыг дугаараа барьцаалах гээд дугаарлана гэж та төсөөлж байсан уу?

-Байдал ингэтлээ хурцадсан гэж төсөөлж байгаагүй. Би сүүлийн хоёр жил Засгийн газрын бонд зардаг бизнест хөрөнгө орууллаа. Засгийн газрын бонд авдаг улс огт ондоо. Мөнгөтэй, хуримтлалтай, банкиндаа хадгаламжтай. Ийм хүмүүстэй хоёр жил харилцсаныхаа дараа нэг шинэ үйлчилгээ нээсэн нь 9911-тэй дугаар барьцаалсан зээл. Монголын бодит байдалтай жинхэнэ нүүр тулж байна даа. Нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн маань зөвхөн нэг нь дугаар барьцаалсан зээл. Таван жилийн өмнө эхэлсэн дажгүй төсөл бий. Тэр хүрээндээ хүлэмжийн аж ахуй, жимсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгож өглөө.

-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжилт босгож өгсөн гэхээр бас л төр, банкнаас болж хэцүүдсэн компани байсан гэсэн үг үү?

-Товчхондоо тийм. “Чингис” бондоос хүлэмжийн аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл өгнө гэхээр нь баахан хүмүүс зээл авч. Монгол банкнаас жилийн тав, зургаан хувийн хүүтэй зээл авсан компаниудын нэг л дээ. Тэгсэн нэг их удалгүй “Ер нь болилоо, энэ зээлээ арилжааны банк руу шилжүүл” гээд бүгдийг нь банкны сарын 2.2 хувийн хүүтэй зээл рүү хүчээр шилжүүлчихэж. Таван хувийн зээл авна гэж төрдөө итгээд орсон хүмүүст тав зургаахан сар бага хүүтэй зээл өгсөн болоод хүчээр 30 хувьтай зээл рүү төр нь банктайгаа нийлээд оруулчихсан юм билээ. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид өнөө махны машинд орсон гэсэн үг. Банкны барьцаанд тавьсан хамаг юмаа хураалгах дөхсөн нэг компанийнх нь 45 хувийн хувьцааг олон нийтэд зарж, хувьцаагаар санхүүжилт босгож өглөө. Аж ахуйн нэгжүүд хүүгүй санхүүжилт босгож болдгийг харуулах гээд зүтгэсэн нэг ажил маань.

-Хувьцаагаа зарсан компани хүссэн санхүүжилтээ босгож чадсан уу?

-Чадсан. Зөвхөн нэг хоноход 500 сая төгрөгийн санхүүжилтийн тал нь босчихож байна. Энэ компани хүүгүй санхүүжилтээр сэвхийгээд босоод ирэх нь тодорхой. Санхүүгийн зах зээл хаашаа аль чиглэл рүү хөгжих ёстойг өөрийнхөө хэмжээнд харуулж чадсандаа баяртай байгаа.

-Компаниудад хувьцаагаа зараад санхүүжилт босгох боломж нь хэр байна. Зах зээлд хэчнээн төгрөгийн боломж байгаа бол?

-Хөрөнгийн зах зээлийг би зохиогоогүй, хүн төрөлхтний сүүлийн 50, 100 жилийн түүхэнд шалгагдсан санхүүжилтийн эрх. Төрөөс санхүүгийн боловсролыг зөвөөр өгөөгүй учраас компаниуд хувьцаагаа 100 хувь өөртөө байлгавал ашигтай гэж сэтгээд өнөөг хүрсэн. Гэтэл сүүлийн хорин жилийн санхүүгийн балансыг нь харахаар 100 хувийн хувьцаатай хэрнээ хамаг ашиг нь банкны хүү болчихсон байх жишээний. Уг нь 10, 15 жилийн өмнө хувьцаагаа зараад хүүгүй санхүүжилт босгосон бол аль аль тал нь хөгжчих бүрэн боломж байсан. Зах зээлд хувьцаа худалдаж авах 10 их наяд төгрөгийн бололцоо бий. Энэ хэмжээний мөнгө банкны хадгаламжинд байгаа. Зүй нь хүмүүс банкинд хадгалуулсан мөнгөнийхөө тодорхой хэсгээр хувьцаа, Засгийн газар болон компанийн бонд авч өгөөжийг нь хүртмээр байгаа юм. Ингэж солонгорох ёстой байтал бүх хууль, дүрэм, журамд зөвхөн банкны хадгаламж нээлгэ гэдэг зохицуулалт л бий. Тийм учраас 96 хувь нь банк болчихоод байна.

-Хүүг багасгах, хүүгүй санхүүжилт босгох боломжтой гэдгийг нотолсон өөр том төслүүд хэрэгжүүлэх бодол байгаа юу?

-Эрх мэдэл, том санхүү байхгүй болохоор одоохондоо далайцтай төсөл хэрэгжүүлэх боломж алга. Төр жаахан хичээвэл хүүг бууруулах боломжтойг харуулахыг л зорьж байна.

-Санхүүгийн зах зээлийг 90 гаруй хувийг арилжааны банкууд эзэлж буй нь өнөөхөндөө байхаас аргагүй хувилбар гэсэн тайлбар нөгөө талд дуулддаг. Ийм тайлбар хэлдэг хүмүүст та ямар хариу өгөх вэ?

-Энэ систем үнэхээр Монголд тохирсон, зөв байсан бол хамаа алга. 30, 40 хувийн зээлээр босдог компани дэлхийд байхгүй гэсэн хариу өгмөөр байна. Монголын компаниуд үнэхээр агуу. Ийм том дарамтыг тэсээд гараад ирчихсэнд нь баяр хүргэмээр санагддаг. Жишээ нь Америкт ийм өндөр хүү байсан бол Фэйсбүүк өдий дайны томрохгүй. Марк Цукерберг дэлхийд тэрбумтнуудын эгнээнд багтахгүй. Шууд л дампуурах байсан. Хамгийн гомдмоор, хамгийн хачирхалтай нь төрөөс хүүг бууруулъя гэж огт зорьдоггүй. Аль ч Засгийн газрын үед томилогдсон төв банкны ерөнхийлөгч нар ажлаа авсан даруйдаа бодлогын хүүг өсгөдөг. Бодлогын хүү өсөхөөр зээлийн хүү буурах бүх боломж хаагддаг. Төр нь зээлийн хүүг бууруулъя гэж зорьдоггүйн хамгийн тод жишээ.

-Төрд зээлийн хүү бууруулах сэдлийг төрүүлэх ямар арга гарц байна?

-Судалж үзлээ. Банк, банк бус, ломбардын цаад эзэд нь төртэй холбоотой байдаг юм байна.

-Тэгэхээр хүү бууруулах сэдэл төрд мөддөө төрөхгүй гэсэн үг үү?

-Бас яг тэгж хэлж болохгүй. Хүүлэлтийн эсрэг хуулийг цаг алдалгүй гаргачихвал байдал цэгцэрнэ. Жишээ нь Япон нэгэн цагт маш өндөр хүүтэй байсан. Жилийн 300, 400 хувиар яригдахаар тийм өндөр хүүтэй байснаа төрөөс зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлангуут хүүлэлт алга болсон. Ер нь хууль бус бүлэглэлүүд хүүлэлтээс санхүүждэг нь олон оронд нотлогдсон зүйл. Наад захын жишээ нь Японы якуза нар хүүлэлтээр санхүүжиж байсан. Америкт бас ялгаагүй. Сүүлд төрөөс нь хүүгийн дээд хязгаарыг найман хувь гэж хуульчлангуут хүүлэлт алга болсон. Гэтэл манайд хүүлэлтийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Тэр хүүлэлтийг нь төрийн өндөр албан тушаалтнууд хийж байна. Монголын банкны тухай хуульд зээлийн хүүг банк өөрөө тогтооно гэсэн заалт бий. Ийм утгагүй хууль эрх зүйн орчинд амьдарч байна.

-Төрийн өндөр албаныхан хүүлэлтээс ашиг олж байгаа нь үнэн бол хүүгийн дээд хязгаарыг тогтоосон хууль батлагдахгүй байх аа даа. Өөр шийдэл санал болгооч гэвэл гарц байна уу?

-Төрийн албанд байгаа хүн санхүүгийн бизнес эрхлэхийг хуулиараа хаах нэг арга байж болох юм. Өнөөдөр хамгийн өндөр хадгаламжтай нь төрийн албан тушаалтнууд байна. Мөнгөө банкинд хадгалуулчихаад сар бүр сул хүү авч байдаг. Гэтэл Монголын том бизнес эрхлэгчид эсрэгээрээ хэдэн тэрбумын зээлтэй. Юун хадгаламж. Ер нь ямар ч улсад зээлийн хүүг төр бууруулдаг. Манайд чүүнээс өөр гарц байхгүй. Надаас эхлээд хэдэн мянгаараа яриад явахад бүтнэ, зээлийн хүү буурна гэсэн өөдрөг бодолтой ажиллаж байна даа.

-Та түрүүн төрөөс банкны лоббигоор шийдвэрүүд гардаг гэж цухас ярьсан. Тодорхой хуулиар жишээ татах боломжтой юу?

-Монголын санхүүгийн зах зээлийг хамгийн том гажуудуулсан хууль бол татварын тухай хууль. Банкны хадгаламжийг 27 жил татвараас чөлөөлж байгаад дөнгөж энэ жил татвартай болголоо. Энэ бол хүүлэлтийг дэмжсэн хамгийн том лобби хууль. Энэ хуулиас болоод Монголын санхүүгийн систем тэр чигтээ гажуудсан. Уг нь хадгаламжаас татвар авах тухай хуулийн үйлчлэл 2015 билүү 2016 онд дууссан юм. Гэтэл УИХ яасан гэж бодно. Нэг төрийн бус байгууллага хадгаламжаас татвар авахгүй байх хуулийг хоёр жилээр сунгаж өгөөч гэсэн бичгийг Засгийн газарт явуулж байгаа юм. Засгийн газар бараг тэр өдөрт нь УИХ-д өргөн бариад, парламент бараг тэр дор нь ямар ч санал асуулгагүйгээр нэг өдрийн дотор өнөө хуулийг баталвал яахав. Валютын сангийн шахалтаар л банкны хадгаламж татвартай боллоо. Валютын сан Монголыг зовог унаг гэсэндээ хадгаламжинд татвар тавиагүй. Хадгаламж татваргүй учраас нийт зах зээл гажуудаад байна гэдгийг л харсан хэрэг. Хадгаламжинд татвар тавьсаны дараа зах зээл дээр зөв дүр зураг харагдаж эхэлж байна.