Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар "Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгох тухай шийдвэрт үндэслэн тус компанийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Тус компанийн нэг бүр нь 28800 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13038 ширхэг энгийн хувьцаа арилжаалагдсан байсан юм. Үүнтэй холбогдуулан 5-аас бага хувийн хувьцаа эзэмшиж буй 369 хувьцаа эзэмшигчид оногдох ногдол хувийг нэгж хувьцаанд 289440 төгрөгөөр тооцож авахыг компанид үүрэг болгож, ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэж болохыг эрхийг жижиг хувьцаа эзэмшигчдэд нээлттэй үлдээв.

Түүнчлэн хуралдаанаар, “Монре даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-гийн хувь нийлүүлсэн хөрөнгийн нэмэгдүүлж, бүртгэлд өөрчлөлт орууллаа. Мөн холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангасан “Капитрон банк” ХХК, “Марш брокерс” ХХК даатгалын зуучлагчийн, “Их эрин капитал” ХХК, “Орчлон автофинанс” ХХК, “Машид дэвжих” ХХК банк бус санхүүгийн зээлийн, “Арвин хишиг өргөө” ХЗХ хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр, “Сонгомол финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олголоо. “Итгэмжит” ХЗХ, “Мантаг” ХЗХ, “Өргөжих эрдэнэ хан уул” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг тус бүр гурван жилээр сунгаж, “Лидер экаунт аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

Хорооноос хийсэн газар дээрх хяналт шалгалтаар багагүй зөрчил илэрсэн “Субуд” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг зөрчлөө арилгатал гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, “Өсөх өндөр” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Майкро кредитинвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Лендс” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Стандарт таваар ХААБ” ХХК-ийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо.