COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо хоёр долоо хоног үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.

Энэ удаагийн хурлаар цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн хэлэлцэх бус, бодит төсөл, хөрөнгө оруулалттай холбохыг зорьсон байна. Үүний хүрээнд таван тивийн 23 улсад хэрэгжүүлэх газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтийн нийт 1.3 тэрбум ам.долларын төслийн багцыг зарлав.

Үүнээс 644.5 сая ам.доллар нь шинээр тодорхой болсон санхүүжилт бөгөөд 216.4 сая ам.доллар нь хэдийн баталгаажиж, хэрэгжих шатандаа оржээ.

Бэлчээрт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт чиглүүлнэ

COP17-ын гол үр дүнгийн нэг нь Монгол Улсаас эхлүүлсэн “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” байлаа. Уг санаачилга нь 45 төслийг нэгтгэсэн, нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцтай. Энэ нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын түүхэнд бэлчээрийн салбарт чиглэсэн хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

Бэлчээр дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмждэг. Мөн 500 *сая орчим малчин бэлчээр нутгийг ашиглан амьдардаг ч энэ салбар бодлого, санхүүжилтийн хувьд олон жил орхигдож иржээ.

Шинэ судалгаагаар бэлчээр нь хүнс, ус, нүүрстөрөгчийн хуримтлал, биологийн олон янз байдлаар дамжуулан жилд 21–47 их наяд ам.долларын экосистемийн үр өгөөж бий болгодог байна. Бэлчээрийг нөхөн сэргээхэд зарцуулсан нэг ам.доллар 4–6 ам.долларын өгөөж өгөх боломжтой. Усны нөөц зэрэг нийгэмд үзүүлэх өргөн үр ашгийг тооцвол өгөөж нь 36 ам.долларт хүрч болохыг судлаачид тооцжээ.

Монгол Улс “Тал нутгийн төлөвлөгөө”-г эхлүүлэв

Монгол Улс COP17-ын бодлогын гол өв болгон “Тал нутгийн төлөвлөгөө”-г танилцууллаа. Үүнд:

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

  • Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга

  • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга багтаж байна.

Эдгээр санаачилгаар төсөл боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, COP17-ын ерөнхийлөгч Б.Батцэцэг “Монгол Улс амлалтаас хэрэгжилт рүү, хэлэлцүүлгээс бодит ажил руу гэсэн зарчмыг баримталсан” хэмээн онцоллоо.

Гангийн тэсвэржилтэд 400 сая ам.доллар төвлөрүүлнэ

Хурлын үеэр Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын механизмыг эхлүүлэв. Энэ нь усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлт болон байгальд суурилсан шийдэлд 400 сая ам.доллар хүртэлх хөрөнгө татах зорилготой дэлхийн анхны санхүүжилтийн платформ юм.

Мөн улс орнууд гангийн эрсдэлээ үнэлж, бодлого, хөрөнгө оруулалтаа зөв чиглүүлэхэд зориулсан Гангийн тэсвэржилтийн индексийг анх удаа нэвтрүүлжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь доройтсон байна. Улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум гаруй га газрыг нөхөн сэргээх амлалт авсан ч үүнийг хэрэгжүүлэхэд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай. Харин одоогоор жилд 77 тэрбум ам.доллар зарцуулж байгаа тул 278 тэрбум ам.долларын санхүүжилт дутагдаж байна.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17-ын бодит үр дүнг цаашдын хэрэгжилтээр хэмжихийг тэмдэглэв. Тодруулбал, улс орнууд гангийн эрсдэлд илүү сайн бэлтгэж чадсан эсэх, доройтсон газар, бэлчээрийг сэргээсэн эсэх, зарласан санхүүжилт төслүүдэд хүрсэн эсэх болон иргэдийн амьдралд бодит өөрчлөлт гарсан эсэх нь гол хэмжүүр болох юм.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын дараагийн буюу COP18 хурлыг 2028 онд Египет Улсад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой сэдвүүд

cop17 ган зудын эрсдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.