“Амьдралын 20 судас” баримтат хөрөг нэвтрүүлэг COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд нээлтээ хийлээ

Peak.mn
08 сарын 27, 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр болон Ногоон бүсэд өнөөдөр /2026.08.27/ “Амьдралын 20 судас” баримтат хөрөг нэвтрүүлэг гарлаа. 

Тус бүтээлийг “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ  санаачлан НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газартай хамтран бүтээжээ.  

Нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал М.Бадамлянхуа, “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, продюсер Д.Даваадулам, Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх болон бусад зочид төлөөлөгчид, уран бүтээлчдийн баг оролцлоо.


“Амьдралын 20 судас” баримтат хөрөг нэвтрүүлэг Өмнөговь аймагт зэрлэг амьтдыг усаар хангах зорилгоор уст цэг, худаг санаачлан байгуулж, тэдгээрийг арчлан хамгаалж ирсэн иргэн Т.Батсүхийн түүхээр дамжуулан говийн эмзэг экосистемийн онцлог, унаган төрх, мөн байгаль хамгаалалд хүний бодит тууштай үйлдэл, оролцоо ямар их нөлөө үзүүлж болохыг харуулсан юм. 

Түүний санаачилгыг Өмнөговь аймгийн Байгаль орчны газар нь дэмжиж зэрлэг амьтдын нийт 20 худаг хамтран байгуулсан нь өнөөдөр говийн зэрлэг амьтдын усны чухал эх үүсвэр болж сард дунджаар хар сүүлт, цагаан зээр, хулан, үнэг, чоно, шилүүс зэрэг 2000–3000 зэрлэг амьтан тогтмол ундаалдаг болсон байна. 

Худгийг арчлах, засах сэлбэх ажлыг Т. Батсүх өөрөө сайн дураараа хариуцан жилд 16000 км явж ажилладаг гэлээ. 

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден “Чимээгүй баатруудыг ил гарган олон хүмүүст дуу хоолойг нь хүргэж байгаа залуучуудад талархал илэрхийлье.Миний хувьд, Монголын үзэсгэлэнт байгалийг шүтэж биширдэг хүний хувьд ийм сайхан  чимээгүй баатруудын түүхийг олон хүмүүст танилцуулмаар байна. Монголын байгалийг унаган төрхөөр нь хадгалахын тулд  бүгдээрээ хичээх хэрэгтэй. Эс бөгөөс  уламжлал алдагдах вий гэж санаа зовдог. Эх дэлхийгээ хайрлаж хамгаалахын төлөө хамтдаа хичээе.” гэлээ. 

“Байгаль хамгаалал бол зөвхөн төрийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн хийх ажил биш. Хүн бүр өөрийн санаачилга, оролцоо, бодит үйлдлээрээ цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулж чадна. Монголчуудын байгалиа хамгаалж ирсэн уламжлалт арга ухаан ч үүнийг гэрчилдэг. Энэ санааг бодит түүхээр дамжуулан хүргэхийг зорьсон. Манай багийнханд COP17 бага хурлын үеэр олон нийтэд хүргэх нь чухал, бас нэр хүндийн хэрэг байлаа” гэж “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийг үүсгэн байгуулагч, “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам ярилаа. 


Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх “Зэрлэг амьтад, говь нутгийн амьтдад зориулан худаг гаргах нь ямар чухал ач холбогдолтой, яагаад ус гаргах ёстой талаар олны анхаарлыг татахуйц сайхан нэвтрүүлэг болсон байна.  

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хар сүүлтийн 80 орчим хувь, хулангийн 20 орчим хувь амьдардаг. Цаашид энэ 20 уст цэгийг нэмэгдүүлэх, уст цэгүүдээ байнгын камерын хяналтад байлгах шаардлагатай байна.” гэлээ.

Мөн “бага, дунд боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн гэж үзэхээр байна гэж БСҮХ-ийн мэргэжилтэн О.Оюунтунгалаг онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.