COP17-г бэлэгдсэн мазаалайн дүрст дурсгалын марк гүйлгээнд гарлаа

Л.Дэлгэрмаа
08 сарын 19, 2026

COP17-г бэлэгдсэн мазаалайн дүрст дурсгалын марк гүйлгээнд гарлаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсад зохион байгуулагдаж буйг тохиолдуулан “COP17” сэдэвт дурсгалын шуудангийн маркийг өнөөдөр /2026.08.19/ гүйлгээнд гаргалаа.

Нээлтийн ёслолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Диао, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, тус компанийн Марк, үнэт цаасны газрын захирал Б.Билгүүн нар оролцож, маркийн эх зургийн хөшгийг нээлээ.

Мөн Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, Монгол Маркийн музейд хадгалах анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тусгай дардас дарлаа.

Монгол Улсын шуудангийн гүйлгээнд шинээр гарч буй 1219 дэх марк болох энэхүү бүтээлийн гол дүрслэлд дэлхийд зөвхөн Монголын говьд тархан нутагладаг нэн ховор Мазаалай буюу Говийн хүрэн баавгай (Ursus arctos gobiensis)-г бамбаруушийн хамт дүрсэлжээ. 

Энэ нь Монгол орны биологийн олон янз байдал, говь цөлийн эмзэг экосистемийг хамгаалах шаардлага, ач холбогдлыг илэрхийлж байна.

Түүнчлэн маркийн загварт COP17-ийн албан ёсны лого болон сэргээн ургаж буй ургамлыг дүрсэлсэн нь газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, доройтсон газрыг нөхөн сэргээх үйл хэргийг бэлгэджээ.

“COP17” сэдэвт маркийн зураачаар Б.Баярхүү, дизайнераар Ж.Ганхуяг ажилласан байна.

Мөн маркийг FSC Recycled Credit гэрчилгээтэй дахин боловсруулсан цаасан дээр дөрвөн өнгийн офсет литографийн аргаар хэвлэсэн нь байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжих COP17-хурлын үзэл санаатай уялдаж буйгаараа онцлог юм.

Дурсгалын марк нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17 бага хурлыг шуудангийн маркийн түүхэнд мөнхлөхийн зэрэгцээ Монголын говийн нэн ховор Мазаалайгаар дамжуулан биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлтийг дэмжих, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад нэгдэхийг уриалж байна.

Холбоотой сэдвүүд

cop17 cop17 mongolia мазаалай марк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.