COP17: Говийнхон ямар асуудлыг хамгийн түрүүнд хөндөж байна вэ?

Х.Оргил
07 сарын 22, 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтсан орон нутгийн зөвлөлдөх уулзалтууд Өмнөговь, Дундговь аймагт боллоо. Уулзалтыг COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Монгол Улсын Засгийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Европын Холбоо, People in Need, ЮНЕСКО (UNESCO)-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Энэ үеэр төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, малчид, залуучууд нэг ширээний ард сууж, цөлжилт, газрын доройтолтой холбоотой тулгамдсан асуудал, боломжит шийдлээ хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр хоёр аймгийн иргэд, малчид усны асуудлыг хамгийн түрүүнд чухалчлан ярих хэрэгтэйг онцолсон юм.

Усны асуудлыг дахин нэг анхаарч үзэх цаг болжээ

Цөлжилтийн тухай ярихад ихэвчлэн элсний нүүдэл, мод тарих, нөхөн сэргээлт түлхүү хөндөгддөг. Гэвч энэ бүхний суурь нь ус гэдгийг говийнхон сануулж байна.

Тэд COP17-ын хүрээнд говийн бүсийн усны асуудлыг тусгайлан хэлэлцэж, газрын доорх усны нөөц, чанарын судалгааг бодлогын түвшинд авч үзэхийг хүсэж байгаагаа уламжлав.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Балгасны Улаан нуур орчмын газрын доорх цэнгэг ус бол бүс нутгийн стратегийн ач холбогдолтой нөөц бөгөөд үүнийг улсын хамгаалалтад авсанд малчид, иргэд ам сайтай байна. Харин Дундговьд бүртгэлтэй 128 булаг байдгаас өнөөдөр хэд нь ширгэснийг ч бүрэн тогтоож чадаагүй байгаа аж.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд 100 гаруй метрийн гүнтэй өрөмдмөл худгууд хүртэл усгүй болох тохиолдол нэмэгдэж байгаа нь газрын доорх усны нөөцөд шинжлэх ухаанч, нэгдсэн бодлого нэн шаардлагатай байгааг харуулж байна.

Булгийн эхийг хамгаалах нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл

Хэлэлцүүлгийн үеэр орон нутагт хэрэгжиж буй сайн туршлагуудыг хуваалцлаа. Өмнөговьд НҮБ-ын Хүүхдийн сан болон орон нутгийн байгууллагууд хамтран булгийн эхийг хашаалснаар малын хөлөөс хамгаалж, усны ундаргыг хадгалах боломж бүрджээ.

Мөн орон нутгийн иргэд хэдэн жилийн өмнө сум дамжин урсдаг байсан зарим булгийн урсац багассан тухай ярьж байв. Үүний гол шалтгаан нь булгийн эхийг хамгаалаагүй, малын хөлд талхлуулсантай холбоотой гэж үзэж байна. Иймээс булгийн эхийг хамгаалах нь мод тарихаас дутахгүй чухал бөгөөд усны ундаргыг сэргээх хамгийн бодит арга гэдэг дээр оролцогчид санал нэгдлээ.


Нутгийн ургамлаар нутгаа сэргээж буй сайн туршлага

Асуудал байгаа ч хэрэгжиж эхэлсэн сайн туршлагууд ч байгаа аж.

Өмнөговьд говийн таван төрлийн хармагийг тарималжуулах технологийг хөгжүүлж, нутгийн ургамалд тулгуурласан 15 мянган га ойжуулалтын ажлыг эхлүүлжээ. Мөн Ханхонгор суманд хайлаас, хармаг хосолсон ой, Баяндалай суманд заган ой байгуулж эхэлсэн талаараа хуваалцлаа.

Харин Дундговьд хөв, цөөрөм байгуулах, булгийн эхийг хамгаалах ажлыг хүүхэд, залуучуудын оролцоотой эхлүүлээд байгаа нь нутгийн иргэдийн санаачилга бодит үр дүн авчирч болохыг харуулж буй жишээ юм.

Мөн хүүхэд, залуучуудыг булгийн эхийг хамгаалах, нөхөн сэргээх ажилд сайн дурын үндсэн дээр тогтмол оролцуулах нь цөлжилттэй тэмцэх урт хугацааны хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт болно гэдгийг онцолсон юм.


Яагаад энэ удаагийн COP17 онцгой вэ?

2026 он Монгол Улс төдийгүй дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогод чухал жил тохиож байна. Улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээ дүгнэж, 2030 оноос хойших хөгжлийн бодлогын чиглэлээ тодорхойлох энэ үед Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан нь COP17-той цаг хугацааны хувьд давхцаж буйгаараа онцлог юм.

Тиймээс Монгол Улс энэ удаагийн хурлаар зөвхөн газар нутгийнхаа 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна гэсэн асуудлыг танилцуулаад зогсохгүй, түүнийг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого хэрэгжүүлж байгаа, олон улсын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ гэдэгт голлон анхаарч байна.

Энэ хүрээнд Засгийн газар "Steppe Action Agenda" буюу "Тал хээрийн төлөвлөгөө" нэртэй гурван стратегийн санаачилгыг дэвшүүлээд байна. Үүнд бэлчээрийн экосистемийн дэлхийн хэмжээнд эзлэх үнэ цэнийг нэмэгдүүлэх, хуурай бүс нутгийн усны нөөцийн нэгдсэн менежментийг олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болгох зэрэг зорилтыг тусгажээ.

COP17 нь зөвхөн Засгийн газруудын албан ёсны хэлэлцээ өрнөдөг арга хэмжээ байхаа хэдийнэ больж, малчид, тариаланчид, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл бодлого боловсруулах үйл явцад оролцдог дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны платформ болон өргөжсөн.

Монголд болох COP17 ч энэ зарчмаар зохион байгуулагдана. Хурал "Цэнхэр бүс" болон "Ногоон бүс" гэсэн хоёр үндсэн хэсэгтэй байх бөгөөд Цэнхэр бүсэд Засгийн газруудын албан ёсны хэлэлцээ өрнөх бол Ногоон бүсэд иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, залуучууд, хөгжлийн түншүүд хэлэлцүүлэг, үзэсгэлэн, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж, бодлого боловсруулагчдад өөрсдийн санал, шийдлийг хүргэх боломжтой юм.

Холбоотой сэдвүүд

cop17 ус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.