Монголын бизнесийн салбарт амжилттай яваа бизнесмэн, “Метро Девелопмент Групп”-ийг үүсгэн байгуулагч Б.Одсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр 20 насандаа анхны компаниа байгуулж байсан тэрбээр Монголын анхны агаарын тээвэр зуучлалын компаниудын нэгийг эхлүүлж, төв номын сангийн электрон номын сангийн системийг бүрдүүлж, соронзон туузат картыг зах зээлд анх танилцуулж байсан нэгэн. Мөн тэрбээр Монголд анх канад хаусын технологийг нэвтрүүлж оффис, орон сууц, эмнэлэг, сургуулийн барилгыг ашиглалтанд оруулсан юм. Өдгөө барилга, худалдаа, боловсролын салбарт хөрөнгө оруулан 10 гаруй компанийг толгойлон ажиллаж байна.

 

 

-Та бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байв?

-Наймдугаар ангийн сурагч байхдаа анх нагац ахтайгаа хамт Иркутск явж ганзагын наймаанд явж үзсэн. Тухайн үед Улсын их дэлгүүрт улсын үйлдвэрийн бараанууд л зардаг байсан юм. Тэндээс монголд үйлдвэрлэсэн савхин гутал, савхин хүрэм цүнхэндээ чихээд ахтайгаа хамт вагонд суучихсан. Ингэж анхны наймаагаа хийж байлаа. Ер нь барааны хомсдол гэж айхтар зүйл байдгийг тэгэхэд мэдэрч билээ. Иркутскийн худалдааны гудамжинд нь хүмүүс хоёр эгнээ болоод зогсчихсон. Бараагаа булаацалдана, нэгнээ зодож, дээрэмдэнэ гээд айхтар зүйлсийг зөндөө тэр үед харсан. Оросын бүх үйлдвэрүүд зогсчихсон харин Хятадад үйлдвэрлэл ид эхэлсэн цаг үе л дээ. Яг энэ үед  дотоодын бараагаа бас Хятадаас Орос руу бараа зөөж боломж монголчуудад олдсон хэрэг.

 

-Тэгвэл анхны компаниа хэзээ байгуулж байв?

-Оюутан байх үедээ буюу 20 настайдаа анхны компаниа байгуулж байлаа. программ хангамжийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж. Монголд анх удаа цахим картыг Сингапурын Аutocsan PTE-тэй хамтарсан гэрээ байгуулж нэвтрүүлж байлаа. Гэрийнхээ нэг өрөөнд компьютер угсарч зарж ч үзсэн. Хичээлийн завсраар ажлаа амжуулна, хаяа хичээл тасална, багшийгаа аргална. Гэхдээ бизнесээ ерөөсөө ч зогсоож байгаагүй, хажуугаар нь амжуулж л байсан. Бизнесийнхээ гарааны мөнгийг ингэж ганзагын наймаа хийж олсон мөнгөөрөө босгосон юм.  

-Бизнес эрхлэхийн хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?

-Бизнес хийхэд амар зүйл гэж байдаггүй. Эхэлж байгаад бизнесийн хувьд хамгийн хэцүү зүйл нь гарааны мөнгө. Орлогоо олохын тулд зардал гаргаж таарна, онож алдана. Тэр хугацаанд бизнесээ тогтвортой болгохын тулд багагүй хугацаа зарцуулна. Тухайн бизнесийг таван жилийн дотор хөл дээрээ босгох хүртэл тэсвэр тэвчээр гээд их л их зүйл шаардана. Өөртөө итгэх итгэл бол уул өөд тэмүүлэх эрч хүч энерги нь. Хүн өөртөө итгэх л юм бол өөрийгөө удирдаж чаддаг. Хүн юуг ч даван туулна. Залуусдаа хандаж хэлэхэд, битгий олон юманд түүрт, нэг зүйлд тууштай яваад үз гэж зөвлөмөөр байна. Ер нь бизнес эрхэлнэ гэдэг өөрийнхөө өрсөлдөгчөө сонгоно гэсэн үг. 

 

 

-Алдахгүй ажиллана гэж байх уу?

-Алдаа бол таны амжилтын гишгүүр юм.  Та олон алдаж, тэр алдаа дээрээ ажиллаж, засаж, залруулж байж л амжилтад хүрнэ. 

Харин алдаа гаргахгүй ажилладаг болохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Энэ бол тэр чигээрээ үнэ цэнтэй туршлага, өөртөө зарцуулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болох зүйл. Тийм учраас гаргасан алдааг хайхрахгүй, анзааргагүй өнгөрүүлж болохгүй.

Солонгосчууд “Амжилттай бизнес эрхлэхийн төлөө 20 жилийг зарцуулахад бэлэн байх ёстойг”  гэж ярьдаг нь учиртай. Аливаа амжилт 10-20 жилээр хэмжигддэг. Бизнес эрхлэгч хүн тэр хүнд хэцүү давааг туулах тэвчээр, сэтгэлийн хат хэрэгтэй болдог.

 

-Бизнесээс олж авсан хамгийн чухал зан чанараа нэрлэвэл?

-Өөртөө итгэх итгэл, багаар ажиллах чадвар, эрсдлийг даван туулах чадвар, зориг, тэвчээр уян хатан байдал, санаачлагатай байх гээд зан чанаруудыг бий. Хэрвээ хэрэглэгчийнхээ эрэлт хэрэгцээг ойлгож, уян хатан байж чадахгүй бол бизнес унах буюу хайрцаглагдах гол шалтгаан нь болно. Хүний олон талт хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг танин мэднэ гэдэг бизнест хамгийн чухал байдаг. 

 

-Бүтэлгүйтэж “шатаж” үзсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би бизнесийнхээ замналдаа гурван удаа том “шатаж” үзсэн. Барилгын бизнесийн хувьд зардлуудаа нарийвчилж тооцоогүйгээс болоод 300 мянган ам.долларын өрөнд орж байлаа. Мэдээж бүтэлгүйтсэн шалтгаанаа олж өрөө дарсан. Үүнээс бизнесээ эхлүүлэх 10 шалгууртай ч болсон. Янз бүрийн санаа гарвал энэ шалгуураараа шүүж үздэг. Ямар ч салбарт орохын тулд эхлээд нарийвчилсан тооцоо гаргаж, бизнес төлөвлөгөө, судалгаа хийх ёстойг яс махандаа тултал ойлгосон. /инээв/

 

-Та технологийн чиглээр эхлүүлсэн бизнесээ яагаад барилгын болгож өөрчилсөн юм бэ?

-2000 он хүртэл технологи, үүрэн холбоо, реклам зар сурталчилгаа, тавилгын үйлдвэр, агаарын тээвэр, такси үйлчилгээний компани гээд арав гаруй төрлийн бизнес хийсэн. Алдаж ч онож ч үзлээ. Тэндээс би нэг зүйлийг ойлгосон. Зах зээл байхгүй бол бизнес явдаггүй, яаж ч хичээгээд, ямар ч ур ухаан гаргаад хэрэггүй гэдгийг ухаарсан. Ингээд тэр үед худалдаа, барилгын салбарт л зах зээл байгааг олж хараад барилгын салбарыг сонгож, сэтгэл шулуудсан.

 

-Туршлага бус зах зээлдээ найдсан хэрэг үү?

-Бизнесийн зарчмыг ойлгосон хүний сонголт гэж болно. Компани байгуулахад мэдээлэл технологийн мэргэжилтэй, 25-хан настай надад итгэж ажилд орох хүн бараг байгаагүй. Юутай ч нэг инженер ахтай танилцаж ажилд аваад зуслангийн байшин барьж барилгын бизнесээ эхлүүлсэн.

 

-Та аливаа асуудлаас гарах шийдлээ та хэрхэн олдог вэ?

-Эрсэн хүн олдог гэдэг. Би бизнес хийж унаж босох болгондоо дүгнэлт хийдэг. “Би яг юуг нь буруу хийв” гэдэг асуултын эрэлд гардаг. Тэр асуултад хариулах үндсэн туслагч, багаж нь минтий хувьд ном. Өөрт хэрэгтэй номын хэдэн зуугаар нь уншсан, асуудлын учиг олддог юм билээ. Түүнийгээ дагаад номыг маш хурдан унших арга барил эзэмшсэн.

 

-Та өөртөө оруулсан хамгийн чухал хөрөнгө оруулалтаа нэрлэхгүй юу?

-Өдий олон жил бизнес хийж унаж босож явахдаа олж авсан хамгийн чухал зүйл гэвэл өөртөө итгэх итгэл. Өнөөдөр би яаж ч унасан ч тэгээс эхлэх чадвар туршлагыг бий болгож чадсан. Энэ бүхэн л миний өөртөө оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог.

 

-Чухал шийдвэр гаргах үедээ зөн совингоо дагадаг уу? Баримт мэдээлэлд тулгуурладаг уу?

- Дата анализ, шинжилгээ, судалгааг удиртгал болгодог. Томоохон шийдвэр нь том хариуцлагыг дагуулдаг тул цаг хугацаа ч их шаардагддаг.

Баримт мэдээ, тайлангийн үр дүн шийдвэр гаргахад 80%- ийн нөлөө үзүүлдэг. Харин шийдвэр гаргахад 50% vs 50 % үүсч аль талд нь шийд вэ гэвэл зөн мэдрэмж л ажиллах байхаа.

 

-Та хүүхэд хүмүүжил, боловсролын талаар нийгмийн сүлжээнд үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг. Яагаад заавал энэ талаар судалж, бичих болов?

-Би дөрвөн хүүхдийн аав. Бага маань жил гаруйн өмнө төрсөн. Мэдээж хүүхэдтэй хүн энэ талаар судлалгүй яахав. Боловсрол гэдэг яалт ч үгүй хүний бага наснаас л яригдах юм билээ. Үүнийг эрдэмтэд баталчихсан зүйл. Судласан сэдвээ бусадтай хуваалцах дуртай. Иймээс л нийгмийн сүлжээндээ пост оруулж, хүмүүстэй санал бодлоо солилцдог.