Х.Оргил
11 сарын 10, 2020
Анх 2-р ангид байхад минь манай аймагт НҮБ-ын хөтөлбөр, АНУ-ын аль нэг тусламжийн байгууллагын оролцоотойгоор иргэдэд үнэ төлбөргүй шүдний үзлэг, эмчилгээ хийхээр гаднын эмч нар ирнэ гэсэн зар түгээж хөлтэй бүхэн л аймгийн нэгдсэн эмнэлгийг зорьж байж билээ. Би ч ээжийн үүрэгдсэнчлэн ЭМ-ийн даатгалын дэвтрээ халааслан очлоо. Харамсалтай нь үзүүлэх нь байтугай бүртгүүлж ч чадаагүй юм. Учир нь дэндүү их очер дараалалтай байхын дээр хүмүүс дарааллаа булаацалдан, хэрэлдэх нь хэрэлдэж, зодолдох нь зодолдох нь тэр.
Тэр байтугай муу эмнэлгийн маань хаалгыг салгаад тавьчихсан байсан гээч.
Хамгийн сонирхолтой нь тэр маргаан, тэмцэлийг болиулахаар уригдан ирсэн эмч нарын төлөөлөл болсон хачин өндөр, бас тас хар арьстай, цав цагаан шүдтэй эмч орчуулагчийн хамт гараад ирлээ. Би амьдралдаа анх удаа өнгөт арьстай хүнийг харж буй минь тэр л дээ. Яаж ч хичээгээд нүдээ салгаж чадахгүй байлаа. Анх удаа өнгөт арьстай хүнийг харж байгаа ч бас ганц би биш байлаа. Өнөө нэгийгээ үзэж байсан хүмүүс чинь юу болсон юм гэмээр таг чимээ аниргүй мань эрийн яриаг анхааралтай сонсоцгооно. Ярьж байгааг нь ойлгохгүй нь ойлгомжтой ч яг л ойлгож, ээждээ загнуулж байгаа аятай зогсох олны нүд тэрхүү өнгөт арьст эмчийг гайхсан нүдээр ширтэж байгаа нь одоо ч тодоос тод санагдана. Төд удалгүй өнөө очерт бараг л ялалт байгуулаад байсан аархуу ах “Өө хар хүүрт үзүүлнэ гэж байхгүй, эр юм байж чихэндээ эмэгтэй гаж хар юм” хэмээн хэсэг бүлэг нөхдөө дагуулан гарч одсон юм даг.
Эл дурсамжийг уудлах болсон нь учиртай. Аархуу ахын хэлсэн бүдүүлэг үгс бол угтаа “ГАЖ” хэмээх ангилалд багтах бусдыг илэрхийлэх утгын л нэг хэсэг. Төрсөн цагаас маань хойш “ГАЖ” хэмээх утга, үгс, зан үйл, соёлын илэрхийлэмжүүд тоймгүй их байсаар ирсэн. Гаж гэж шууд хэлэгдэхээсээ илүүтэйгээр “Муухай, балай, заваан, сэжгийн” гэсэн тэмдэг нэрээр ой тойнд минь хадгалагдаж дээ. Соёлын нийтлэг бус илэрхийлэмжүүд нийтлэг соёлын дунд орж ирэхээрээ нэг хэсэгтээ л “ГАЖ” болдог нь жам ёсны асуудал. Аажимдаа “гаж” биш “моод”-ны үзэл болон түгэх нь ч мөнхүү элбэг.
Миний хувьд хэвийн, бүдэг бадаг, ээрч торохгүй үйлдлүүд бусдын хувьд “гаж” болоод ирэхээр би өөрөө ч бас өнөөх “гаж” хэмээх ангилалд багтаж орхино. Нийтээрээ үйлддэг зүйлийг хийж, хэлдэг үгийг хэлэлцэж, хардаг өнцөг рүү харахгүй бол “гаж” болчих учраас дуртай дургүй хийнэ. Яг л нөгөө дунд сургуульд “найзгүй” хүүхэд л үе тэнгийн дээрэлхэлтэнд өртдөг шиг. Гэвч өнөөх нийтлэг бус соёл чинь үнэхээр “гаж” юм уу “гацсан” сэтгэлгээний илрэл юм уу гэдгийг гайхах боллоо.
Мэдээж бидний амьдралын замд, өсөж өндийсөн ахуй соёлд маань тод биш, барагтаа л үл анзаарагдах үйлдлүүдийг өөр ахуй соёлд ороод ойлгож, мэдэрч, хүлээн зөвшөөрдөг, үгүй ядаж “байж болох л юм, маньд ямар падлий байх биш” хэмээн бодох нэгэн байхад зүгээр л өөрт нь таалагдаагүйн төлөө бусдыг “гаж” хэмээн цоллох “гацсан” сэтгэхүй ч бас байх.
Хиппи байвал гаж, хэлээ цоолсон байвал гаж, өнгө өнгийн үстэй байвал гаж, эмэгтэй хувцас өмсвөл гаж, эрт төрвөл ч бас гаж, гей байвал гаж, порно үзвэл гаж…. бичээд байвал бичээд л байна байх.
Хүн байна гэдэг, хүн шиг хүн байна гэдэг, хүн өөрөө өөрийгөө өрөөлөөс бус өөр дотроосоо, мэдрэмжээсээ, гуниг шаналлаасаа, гутралаасаа, жаргалаасаа, бүтээлээсээ, хайраас ч тэр олж авна гэдэг өөрөө хэчнээн “гоё” зүйл билээ дээ. Тэр гоё зүйл хүн бүрд байдаггүй нь л харамсалтай. Сугалаагаар, азаар, сургалтаар ч энэ “гоё”зүйлийг олж авдаггүй, харин амьдарч байж олж авдаг. Хүн хүнтэйгээ харилцаж байж энэ бүхэн бүтдэг.
Тиймээс хэн нэгэн өөр шиг тань байгаагүйн төлөө, таны мэдрэмжийг хүлээн зөвшөөрөөгүйн төлөө, таны таалалд нийцээгүйн төлөө тэднийг битгий шүү, бүү ялла.
Эх сурвалж: Лхамсүрэн Дашхорол
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.