Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна

Peak.mn
12 сарын 09, 2024

Dr.CHINGUN'S Aesthetic & Surgery Clinic эмнэлгийн ерөнхий эмч Б.Чингүнтэй ярилцлаа.


-Үүдэл эс эмчилгээнд ашиглана гэдэг өөрөө өөрийнхөө донор болох боломжтой гэсэн үг үү?

Энэ хорвоо дээр байгаа бүх амьд организмыг үүсэхэд оролцсон бүх эсүүдийг үүсгэж чаддаг эсийг юниверсал үүдэл эс гэж нэрлэдэг. Энэ үүдэл эсээс бүх эсүүд үүсдэг. 

Харин хүн бий болсноос хойш амьд организмын өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай эсийг соматик үүдэл эс гэж нэрлэдэг. Яс хугарлаа гэхэд яс өөрөө төлжиж бороолж, арьс зүсэгдлээ гэхэд өөрөө нөхөн төлжин, сорвижоод эдгэж байгаагийн цаана соматик эс ажлаа хийж байгаа хэрэг.  Хүүхэд төрөх үеийн хүйн цусанд хамгийн баялаг үүдэл эс агуулагддаг. 

Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхдээ төрснийх нь дараа хүйг нь өндөр үнэ төлж, тусгай технологиор хадгалуулдаг. Энэ нь тэдний хувьд хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт. Ингэснээрээ ирээдүйд хүн хүйнээсээ өөрт хэрэгтэй эсүүдийг үржүүлэн авч өөрөө өөрийнхөө донор болно гэсэн үг юм л даа. 


-Тэгвэл хүний ямар эд эрхтнээс үүдэл эсийг нь ялгаж авах боломжтой вэ?

-Ясны чөмөгнөөс мөн өөхөн эдээс үүдэл эсийг ялган авах боломжтой.Энэ бол эмнэлгийн орчинд тусгай зориулалтын багажийн тусламжтайгаар хийдэг ажилбар.

Мөн өөхнөөс олон тооны үүдэл эс ялган авч гоо сайхан, сэргээн засах эмчилгээнд ашигладаг. Өөхнөөс гаргасан үүдэл эс нь яс, мөгөөрс, хумс үс, бүр судас хүртэл үүсгэж хувирч чаддаг гайхалтай ид шидтэй эс л дээ.

Өнөөдөр бид өөхнөөс үүдэл эсийг гаргах технологийг онцлон ярина. 


 -Өөхнөөс үүдэл эсийг хэрхэн ялгаж авдаг вэ?

-Өөх болгонд үүдэл эс агуулагддаг. Гэхдээ судас дагуух өөхөнд агуулагдах үүдэл эсийн агууламж хамгийн өндөр байдаг. Манай Chingun’s clinic өөх соруулах хагалгааг хийж ирсэн олон жилийн туршлагатай. 

Хэрвээ тухайн хүнд үүдэл эсийн эмчилгээ шаардлагатай гэж үзвэл үүдэл эс хамгийн их агуулагддаг өөхийг нь ялган авч эмчилгээнд хэрэглэдэг. 

Өөхнөөс гаргаж авсан үүдэл эс нь мезанхомалик үүдэл эсийн төрөл юм. Энэ үүдэл эс нь хөрвөх чадвартай учраас олон төрлийн эмчилгээнд ашигладаг бөгөөд яс, мөгөөрс, өөх,  арьс, булчин руу хөрвөх чадвартай.

-Тэгэхээр танай эмнэлэгт аль төрлийн үүдэл эсийн эмчилгээг түлхүү хийж байна вэ?

-Дэлхий дахинд энэхүү үүдэл эсийн эмчилгээг өргөн ашигладаг болсон. Манай эмнэлэгт өнгөрсөн жилээс эхлэн сэргээн засах буюу гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлэх,  хөгшрөлтийн эсрэг, нүүрийг хэлбэржүүлэх, үс ургуулах зорилгоор хийж байна. 

-Тэгэхээр өөхөнд ч бас ашигтай зүйл байдаг байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Тийм ч учраас өөхийг шингэн алт ч гэж нэрлэдэг. Бас нэг давуу тал нь үүдэл эсийн эмчилгээ үрэвслийг гайхалтай богино хугацаанд дарж, эмчилдэг.

Эмч хүний хувьд судсыг гэмтээхгүйгээр өөхийг авна гэдэг нь нэг талаараа урлаг гэж боддог. Яагаад үүдэл эс агуулдаг газар судас хамгийн их байдаг.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

-Хүний биеийн аль хэсэгт үүдэл эс хамгийн их агуулагддаг вэ?

-Хүний үүдэл эсийн тоо тухайн хүний нас, биеийн жин, амьдралын хэв маяг эрүүл мэндийн байдал зэргээс шууд шалтгаална. 

Мөн биеийн аль хэсгээс авахаас хамаараад үүдэл эсийн тоо өөр өөр гардаг. Тухайлбал хөхний ойролцоох хэсгээс авсан нэг грамм өөхөнд 300 мянга орчим үүдэл эс байдаг. Харин хэвлий хэсгийн нэг грамм өөхөнд 700 мянга гаруй үүдэл эс агуулагддаг. Гэхдээ хэт тарган хүний үүдэл эс цөөндүү байдаг.


-Чингүн эмнэлэгт энэ төрлийн үйлчилгээг хийгээд эхэлсэн шүү дээ. Үүдэл эсийг ялган авах нь хэр нарийн ажиллагаатай вэ? 

-Манай эмнэлгийн хувьд мезенхимийн үүдэл эсүүд (ADSCs) буюу нөхөн сэргээх үйлдэлтэй эсүүдийг хамгийн их агуулдаг эдүүдийг авч эмчилгээнд хэрэглэдэг.

Мезенхимийн үүдэл эсүүдийн (ADSCs) нөхөн төлжих чадварыг ашиглан:

-Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ

-Үс ургуулах

-Гэмтэл буюу үений гэмтсэн мөгөөрсийг ургуулах

-Нөхөн сэргээх буюу эдгэхгүй байгаа сорви арилгах

-Эмэгтэйчүүдийн эмчилгээ зэрэгт ашиглаж байна.

Үүдэл эсийг ялган авна гэдэг мэргэжлийн ур чадвар, маш нарийн стандарт, нягт нямбай ажиллагаа шаарддаг. 


Үүдэл эс гаргаж, мэс ажилбар, гоо сайхны хагалгаанд ашиглахын тулд:  

  1. Шинжилгээ өгнө 
  2. Өөхийг нь соруулж авна 
  3. Соруулж авсан өөхнөөсөө үүдэл эсийг нь ялгаж авна 
  4. Ялгасан үүдэл эсээ тэр дор нь тарина
Энэ ажилбарыг жишээ нь нүүрэнд хийлээ гэхэд нүүрэнд зүүгээр тарилга хэлбэрээр хийдэг учраас ямар ч шарх сорви үлдэхгүй. Хийлгэсэн үйлчлүүлэгчид маань 100 хувь сэтгэл ханамжтай байдаг.

-Тухайн хүний өөрийнх нь үүдэл эсийг аваад өөрт нь эмчилгээ хийсэн үр дүнгүүдээсээ хуваалцахгүй юу?

-Үүдэл эсийг бид гоо сайхны салбарт гурван төрлөөр хийж байна. 

Нэгдүгээрт, нүүрний хэлбэр засах эмчилгээнд,

Хоёрдугаарт, арьсыг залуужуулж, хөгшрөлтийн процессийг удаашруулахад,

Гуравдугаарт, эмийн эмчилгээ нь үр дүнд хүрээгүй, үс суулгах боломжгүй хүмүүст үс ургалтыг дэмжих зорилгоор хийдэг.

Эдгээр эмчилгээнүүдийг хийлгэсэн хүмүүс маань маш сэтгэл хангалуун байгаа. 

Үүдэл эсийн эмчилгээ бол хамгийн энгийнээр тухайн арьсыг цоо шинээр хуучин буюу гэмтсэн эсийг шинэ эсээр солих гэж  ойлгож болно.

Тухайлбал арьс нүхжих, нөсөө үүсэх, арьс нимгэрэх процесс эрчимтэй удааширна. Хийлгэсэн хүмүүс “Миний арьс яг л хүүхдийн арьс шиг болчихлоо” гэдэг юм.


-Танай эмнэлэгт үүдэл эсийг ямар аргаар хэрхэн ялгаж авдаг вэ?

-Манай эмнэлэг нь Итали улсын Флоренцын их сургуулийн профессор Жинайн бүтээсэн seffline төхөөрөмжийг ашиглан үүдэл эсийг ялгаж авдаг.

Энэхүү төхөөрөмж нь нэг хүний эмчилгээнд нэг удаад ашигладаг бөгөөд үс ургуулах, гоо сайхны эмчилгээнд сонгон ашигладаг.

Seffline төхөөрөмж нь арьснаас доош 15 мм-ийн доор хамгийн их үүдэл эс агуулсан өөхийг сордог. Мөн сорж байгаа төхөөрөмж нь жижигхэн үржих чадвартай диаметртэйг нь сонгож сорж авдаг гэдгээрээ эмчилгээний үр дүнг өндөр үр дүн үзүүлдэг.

Энэ аппаратыг дэлхийд цөөхөн улс орон ашиглаж байна. 2014 оноос хойш нийтдээ 200 гаруй эмч эмчилгээнд ашигласан бөгөөд үр дүн нь гайхалтай өндөр гэж шагшигдаж байгаа нь үүдэл эсийн гайхамшгийг харуулж байна. 

-Үс ургалтад үүдэл эсийн эмчилгээ ид шидтэй гэж сонссон. Яг ямар үр дүн үзүүлээд байна вэ?

-Үс суулгая гэсэн ч донор үсгүй болчихсон, эрүүл мэндийн шалтгаанаар үс ургалтын эм уух боломжгүй хүмүүст үүдэл эсийн эсийн эмчилгээ хамгийн тохиромжтой. 

Энэ төрлийн шинжлэх ухаан хөгжвөл ирээдүйд тухайн хүний өөрийнх нь эсээр тухайн эд эрхтнийг нөхөн төлжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Ирээдүйн чиг хандлага энэ тал руугаа явж байна. Намайг оюутан байхан үүдэл эсийн талаар яригддаг байлаа. Тухайн үед би хүнийг элэг бөөр яс гар гэх мэтээр хардаг байсан бол одоо эсийн түвшинд харж ойлгодог болсон. 

Үүдэл эсийн энэхүү хувирах чадварыг орчин үед гоо сайхан, сэргээн засах эмчилгээнд өргөн хэрэглэж эхэлсэн. Хамгийн анх үүдэл эсийг 1960-аад оны үед гаргаж эхэлсэн. Үүнийг 1998 оны үед парактикт эмч нарт илүү ойртуулж өгсөн. 


-Гадуур үүдэл эсийн эмчилгээ, тийм амьтан, тийм амьтны үүдэл эсийн гэх мэт бэлэн тарилгууд нэлээд байх шиг байна. Үүнээс танай эмчилгээ юугаараа ялгаатай вэ?

-Өөхнөөс гаргаж байгаа үүдэл эс нь амьд эс юм. Энэ бол шууд тухайн хэрэгттэй эс рүүгээ хувирах чадвартай, төлжих чадвартай, эмчлэх чадвартай гэдгээрээ онцлог. 

Тухайн хүнээс ялгаж авсан үүдэл эсийг тухайн хүнд нь л тарьж болно. Яагаад гэвэл амьд үүдэл эс өөрийн гэсэн кодтой. Тэр кодоороо танигдуулж яг тухайн хүндээ хэрэгтэй эс рүү л хувирах чадвартай.

Хэзээ ч тухайн хүнээс өөр организмын тэр тусмаа амьтны, ургамлын үүдэс эс тухайн хүний үүдэл эс рүү хувирч чадахгүй. Учир нь кодоороо танигдахгүй,энэ бол боломжгүй зүйл.

Тийм болохоор ямар нэгэн бэлэн ампултай үүдэл эс гэж нэрлэгдээд байгаа тарилгууд эсийн түвшинд нөлөөлж өөрчлөлт өгөх боломжгүй.


-Монголчууд үүдэл эсийн эмчилгээг хэрхэн хүлээж авч байна?

-Дэлхий дээрх хүн болгон нэг генийн кодтой. Амьдарч байгаа орчноосоо шалтгаалан өөр өөр зан төрх, онцлогтой байдаг. Монгол хүний зан бол аливаа зүйлээс маш хурдан үр дүн хүсдэг. Түүнд нь аль болох тохируулахыг бид хичээж байгаа.

Эсийн үржих чадвар удааширч, хэмжээ нь багассанаар хөгшрөлт үүсдэг. Дэлхий нийт хөгширснийхөө дараа биш, яаж өвдөлтгүйгээр хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх вэ гэдэг хандлагатай болчихсон шүү дээ. Тиймээс үүдэл эсийн эмчилгээ хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхэд төгс тохирох арга юм. 

Зураг
Тайлбар










Холбоотой сэдвүүд

гоосайхан чингүн

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.