Хас Банк, NEG Wallet апп-тай хамтарсан НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэлд тулгуурласан санхүүгийн үйлчилгээ нэвтрээд удаагүй байгаа билээ. Финтек зах зээлийг өргөжүүлж буй энэхүү үйлчилгээ нь гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ хялбар шийдэх боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Энэхүү аппликейшнийг бүтээсэн “Софт ПОС” ХХК-ийн захирал Б.Батдэлгэртэй ярилцлаа.

-Танай шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр гараад удаагүй. Манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Оны өмнөхөн буюу 12 дугаар сарын 15-аас эхлэн Хас банктай хамтран энэхүү NEG Wallet апп-ийг НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэлд тулгуурласан санхүүгийн үйлчилгээ байдлаар нэвтрүүллээ. Зорилго нь иргэдэд хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг нь технологиор дамжуулан олгох. Мөнгөний хэрэгцээ их гардаг шинэ жилийн баярын үеэр бүтээгдэхүүн маань эрэлт хэрэгцээтэй байгаа.


-Бүтээгдэхүүнээ гаргаад хэр олон хэрэглэгчтэй болоод байна вэ?

-Бүтээгдэхүүн маань хүмүүсийн хэрэгцээг хангасан, цаг хугацаа хэмнэсэн, хялбар шийдэлтэй гээд олон давуу талтай. Тийм учраас хэрэглэгчдэд таалагдсан, ердөө сарын дотор л 50 мянган хэрэглэгчтэй болчихсон. Үнэндээ бид иргэдийг ийм их хүлээлттэйгээр хүлээн авна гэдгийг төсөөлөөгүй, үүнээс бид өөрсдийнхөө төсөөлсөнөөс ч илүү их боломжийг олж харсан. 

Финтекийн зах зээл өөрөө ухаалаг бөгөөд хурдацтайгаар хөгжихийг болон харилцагчдад ивээлтэй байхыг шаарддаг. Манай баг маань ч мэргэжлийн, энэ чиглэлээр дагнан ажилласан чадварлаг залуусаас бүрдсэн учраас хаана ямар л технологийн боломж, иргэдийн хэрэгцээ байна түүнд зориулж бүтээгдэхүүнээ сайжруулахыг хичээн ажиллана. 


-NEG Wallet апп-ийг хэрхэн хэрэглэх вэ?

- Иргэн эхлээд NEG Wallet апп-аа татаад өөрийн иргэний мэдээллээ үнэн зөв бөглөх шаардлагатай. Үүний дараа уг санхүүгийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт илгээж НӨАТ-ын буцаан олголтын мэдээллээ апп-аар дамжуулахаа хүлээн зөвшөөрдөг. Уг хүсэлтийн дагуу санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломж үүснэ гэж ойлгож болно. 


-Финтекийн үйлчилгээг хөгжүүлэхэд хууль эрх зүйн нөхцөл нь хэр хангагдсан байдаг вэ?

-Дэлхий дээр хэдэн арван мянган финтек компаниуд төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, зээл, хөрөнгө оруулалт, микро финанс санхүүжилт, даатгал зэрэг санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна. Энэ дундаас хамгийн амжилттай яваа нь Lending club, Square, Transferwise, Wechat зэрэг юм.

Монголын хувьд олон старт ап компаниуд гарч ирсэн, түүнийг дагаад энэ бизнесийн чиглэл маш хурдацтай хөгжиж байна. НӨАТ-ын урамшуулал бол тухайн иргэний мөнгө. Нөгөө талд банк өөрөө эрсдлээ даагаад санхүүжүүлж хэрэглэгчдэд үйлчилгээ байдлаар олгож байгаа учраас хууль эрх зүйн асуудал, хүндрэл харьцангуй бага гэж ойлгож болно. Лэнд.мн-ий цахим хэтэвч, Мобиком корпорацийн цахим мөнгө “Кэнди” гээд технологийн компаниудын санал болгож буй үйлчилгээ олон болох тусам эцсийн хэрэглэгч буюу иргэд л хожно.


-Монголчуудын хувьд энэ үйлчилгээг хэр хурдан хүлээн авч байна вэ?

-НӨАТ-ын баримтаа бүртгүүлж сурсан нь, ухаалаг утсаа илүү ашиглах болсон нь финтек зах зээлийг хөгжих үндэс суурь нь болсон гэж боддог. Анх хүмүүс яаж баримтаа бүртгүүлэхээ ч мэддэггүй байсан бол одоогоор 700 мянган идэвхтэй хэрэглэгчтэй болчихоод байна. Энэ тооны хүн аппликейшн хэрэглээд сурчихсан байна гэдэг финтек зах зээл цэцэглээд явах асар том боломж юм.


-Ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

-Бидэнд ч бас цаашид дэлхийн зах зээлд гарах, хүч сорих мөрөөдөл бий. 

Монгол бол Азийн бүс нутаг дотроо банк санхүүгийн үйлчилгээний хүртээмж харьцангуй өндөрт тооцогддог. Өнөөдөр 1,4 сая идэвхтэй картын хэрэглэгчтэй, ихэнх нь интернет банктай болчихсон нь үүнийг батална. Бас бид ухаалаг гар утасны хэрэглээгээрээ дэлхийд нэлээд дээгүүрт багтдаг. Бараг л хүн бүр ухаалаг утастай, орон даяар интернэттэй гэхэд хэлсдэхгүй. Тэгэхээр асар их боломж бий. Үүнийг ч Ленд.мн-ийн залуус баталсан. Тэд монгол залуус яагаад дэлхийн зах зээл дээр өрсөлдөж болохгүй гэж гэсэн бат итгэл төрүүлчихлээ.  Өнгөрсөн онд Азийн зах зээлээс хөрөнгө оруулалт амжилттай татаж чадсан топ технологийн компаниудын тоонд Монголын старт ап компани багтсан гээд амжилтууд байна. Бид боловсон хүчнээрээ аль ч орны залуусаас дутахгүй.

Мөн НӨАТ-ын систем Монгол шиг хэрэгжсэн улс ч ховор. Хэрэв энэ тал дээр бодлогоор, төрийн дэмжлэг байдаг бол манай залуус илүү ч хол явах байх. 

Бусад талаараа бол залуус зөв санаагаа олоод зөв хүнтэйгээ хамтраад баг болоод ажиллаад явчихад жамаараа хөгжинө. 

-Нэг хэсэг биткойныг блокчейнтэй холбон ойлгосон бол одоо эргээд технологийн асар том боломж гэдэг талаас нь хараад эхэлчихлээ. Энэ тал дээр сонирхолтой жишээ татвал?

-Царайг нь харахгүйгээр, өөртэй нь очиж уулзахгүйгээр маш олон бизнесийг хийх боломжийг блокчейн технологи олгосон. Гэвч нэг хэсэг блокчейны технологи гэсэн өнцөгийг нь харахгүйгээр криптовалюттай холбож ханшийн хэлбэлзэл дээрээс мөнгө олох арга хэрэгсэл гэж ойлгож явсан залуус олон. 

Үнэндээ блокчейны боломж хязгааргүй. Жишээ нь блокчейн технологийг VR-тай хослуулан шашны виртуал сүм бий болгочихсон. Энэ нь VR шилээ зүүгээд Турк, Америк, Монголд гээд хаана ч байгаа хүнтэй орон зайнаас үл хамаараад яг нэг виртуал орчинд хамт залбирал хийж болж байна. 

Энэ технологи дэлхий дахиныг шашнаас нь эхлээд бизнес, эрүүл мэндийн салбар гээд салбар болон цаг хугацаа, газар зүйн байрлалаас үл хамааран нэгдүүлчихэж чадах шидтэй эд л дээ.


-Финтекийн зах зээлд хэрэглэгч юун дээр анхаарах ёстой вэ. Сүүлд луйврын жишээ нэлээн хэд гарсан шүү дээ?

-Хүн бусадтай танилцахдаа танилцахдаа өөрийнхөө овог, нэр, регистрийн дугаараа хэлээд явдаггүй шүү дээ. Үүн шиг хэрэглэгч өөрийнхөө мэдээллийн аюулгүй байдлыг хангах ёстой. Саяхан НӨАТ-ын буцаан олголтыг нь авч өгнө гэсэн нэрийдлээр иргэдийг залилсан хэрэг гарсан. Хохирсон хэрэглэгчид юун дээр алдаа гаргасан бэ гэхээр ebarimt-руу нэвтэрдэг нэр нууц үгээ хэлчихсэн юм билээ. Иргэд маань сайхан сэтгэл, гэнэн зангаасаа болж иймэрхүү маягаар хохирох тохиолдол гарч байгаа учраас хувийн мэдээллээ /Мэйл хаяг, нууц үг/ хэзээ ч бусдад алдаж болохгүйг л зөвлөе.