Үйлдвэрлэлийн осол гэж юу вэ, үүнээс сэргийлэх зорилгоор ажил олгогч хэдэн хувийн шимтгэл төлдөг, осолд өртсөн тохиолдолд ямар хэмжээний тэтгэмж авдаг талаар хүргэж байна.

Даатгуулагч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчийн зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ.

Мөн даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ.

Ажил олгогч нь ажлын байрны болон үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлд өртөж болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор дараах хувиар шимтгэл төлнө.

- Эрчим хүч, уул уурхай, газрын тос, хий, хими, агаарын болон төмөр замын тээвэр, зам гүүр, давм олборлох, архи пиво, тамхины үйлдвэр зэрэг байгууллагууд 2.8 хувь.

- Геологи, хайгуул, авто тээвэр, холбооны, барилгын, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэндийн, хэвлэх, архив, цөмийн болон цацрагт шинжилгээний чиглэлийнх бол 1.8 хувь.

- Төсвийн байгууллага болон бусад салбар 0.8 хувийн шимтгэл төлнө.

Ажилтан өөрөө шимтгэл төлөхгүй боловч Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй.

Үүнд:

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадвах нөхөн сэргээхтэй холбогдсон тэтгэвэр зэргийг авах эрхтэй.

Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 10 хүртэлх хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно. 

Жишээ нь, тухайн иргэн үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан бол сарын цалин, орлого болох 1.350.000 төгрөгийн 55 хувь буюу 742.500 төгрөгийг тахир дутуугийн тэтгэвэр болгон авна.



Эх сурвалж: НДЕГ