ОХУ-ын Владивостокийн далайн худалдааны боомт нь янз бүрийн нэр төрлийн ачаа эргэлтийг 2018 оны нэгдүгээр улиралд 2017 оны мөн үетэй харьцуулбал 50%-иар нэмэгдүүлж, 2,4 сая тоннд хүргэн түүхэн дээд амжилт тогтоов гэж тус боомтын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
 
Энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ачиж, буулгасан чингэлгийн тоо 17%-иар нэмэгдэж, 111 мянгад хүрсэн бол ерөнхий ачаануудын эргэлт 110%-иар нэмэгдэж, 1,3 сая тонн, автомашин, тусгай техникийн ачилт, буулгалт 112%-иар өсч, 13,2 мянган нэгж болсон байна.  

Ачаа шилжүүлэн ачих хоногийн дундаж хурд мөн нэмэгдэж, 456 вагон болсон нь өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнээс 31%-иар нэмэгджээ. “Владивостокийн далайн худалдааны боомт” компанийн ерөнхий захирал Заирбек Юсуповын мэдэгдсэнээр, 2018 онд ачаа эргэлтийг 10 орчим сая тоннд хүргэж, түүхэн шинэ амжилт тогтоох боломж бүрдсэн аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг