Ардчилсан намын даргыг сонгох сунгаа өчигдөр дууслаа. Сонгуулийн дүнг танилцуулах үеэр АН-ын даргад өрсөлдсөн Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэв.

Тэрээр "Миний хувьд АН-ын даргын сонгуульд оролцсон 50-иас дээш настай, 1960-аад оны нэр дэвшигч байлаа. Яагаад насаа хэлж байна вэ гэхээр миний өмнө дахин нэг даваа байна. Энэ сонгууль дараагийн том даваа руу явах бие халаалт боллоо. Энэ бие халаалтыг итгэл үнэмшилтэй, шижигнэсэн сайхан залуучуудтай хамт хийсэндээ баяртай байна. Дараагийн сунгаагаар дахин уулзъя" хэмээлээ.

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хэн нэр дэвших талаар өнөөдөр байр сууриа илэрхийлсэн бас нэг эрхэм нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд байв.

Тэрээр "Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд байгаа сэтгүүлчид, жиргээчид энэ ажиллагаагаа зогсооно уу. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэж хэлээд удаж байгаа" гэв.

Харин МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвшинэ хэмээн олон нийт таамаглаж буй. Түүнийг нэр дэвшүүлэх магадлал хамгийн өндөр гэдгийг ч тус намын удирдлагууд мэдээлсэн.

Мөн Зөв хүн электорат эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ. Тус эвсэл энэ сард "Ерөнхийлөгчөө сонгоё" санал асуулгыг цахимаар өрнүүлсэн. Санал асуулгаар иргэд 140 орчим хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр санал болгосон байна. Тэдгээрээс хамгийн олон санал авсан, шалгуурыг хамгийн өндөр хангасан, эвслийн мөрийн хөтөлбөрийг дэмждэг хүмүүстэй хэлэлцээ хийж, сонгон нэр дэвшүүлэх аж.