Хоёр хуваагдсан АН өчигдөр тус тусдаа дотоод сонгууль явуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан. Нэгээс нь Н.Алтанхуяг, нөгөөгөөс нь С.Эрдэнэ сонгогдсон. Мэдээж СЕХ 2-ууланг нь биш, нэгийг нь нэр дэвшигчээр бүртгэнэ. Тэрийг л хүлээх үлдлээ.

Тэгвэл С.Эрдэнэ нартай өрсөлдсөн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал дотоод сонгууль шударга бус болсон хэмээн өнөөдөр мэдэгдэл гаргалаа.

Тэрээр мэдэгдэлдээ:

"АН-ын дотоод сунгаа шударга болно гэдэгт намайг даган мөн итгэж, цахим санал хураалтад идэвхтэй оролцож, дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлье. Үүний ялдамд миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, АН-ын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье. 

Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр, зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн л тодрох ёстой байсан.

Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. АН-д үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. АН-ыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүрмөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна" гэжээ.