ЯКУТ. /TASS/. Бүгд Найрамдах Саха Улсад /Якут/ гарсан байгалийн түймрийн талбай 1.2 сая га-гаас давлаа гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны /ОБЯ/ бүс нутгийн ерөнхий хорооны цахим хуудсанд мэдээлжээ.

“Якутын нутаг дэвсгэрт нийтдээ 1.215.960 га талбайд 123 түймэр асаж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.

Мэргэжилтнүүд есөн газарт 17 түймрийг унтрааж байгаа бөгөөд гурвыг нь цурманд оруулжээ. Гал түймрийн дийлэнх нь буюу 106 нь хяналтын бүсэд асаж байна. Тэдгээрийг Ойн аж ахуйн улсын агентлагийн алсын хяналтын мэдээллийн системийн тусламжтайгаар хянаж байгаа аж. Алслагдмал газруудад асаж байгаагаас шалтгаалан эдгээр түймрийг унтраах ажлыг түр зогсоожээ.

Якутын түймрийг унтраахад ОХУ-ын ОБЯ-ны “Ил-76” нисэх онгоц оролцохоор болсон байна. Тус бүс нутагт түймэртэй 787 хүн тэмцэж байгаа бөгөөд 119 нэгж техник ашиглаж байгаа аж. Якутад пүрэв гарагаас эхлэн онц байдал тогтоосон байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг