МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны улсын хурал буюу парламентдаа ойрын жилүүдэд болон ирээдүйд улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлдог жил тутмын илгээлтээ тавилаа. 


Уламжлалт илгээлтээ тэрбээр анх удаа оны эхэнд тавьсан бөгөөд “үндэсний хэмжээний чухал асуудлуудыг хурдан шийдэхийн тулд” ийнхүү оны эхэнд тавилаа гэж цохон тэмдэглэжээ. 


Хүн ам зүйн тухайд

ОХУ хүн ам зүйн хувьд хүнд бэрх үе рүү орсон гэж В.Путин мэдэгдлээ. Түүний хэлснээр, төрөлтийн коэффициент 2024 онд одоогийн 1.5 –аас 1.7 болох ёстой.


Гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны хувьд тэрбээр хүүхдүүдийг цэцэрлэг яслиар хангах, бага сургуулийн халуун хоолыг үнэгүй болгох, мөн гурваас долоо хүртэл насны хүүхдүүдэд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр хүүхдийн мөнгө олгох асуудлыг анхааралдаа авахыг санал болгосон байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, уг мөнгийг амьжиргааны түвшин доогуур гэр бүлүүд авна.


В.Путин мөн Засгийн газар болон Төв банкны гол зорилго бол иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэж үзэж байна.


Эхэд олгох тэтгэмж ба гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн тухайд

Эхэд олгох тэтгэмжийн хөтөлбөрийг доод тал нь 2026 оны эцэс хүртэл сунгаж, анхны хүүхдээ төрүүлэхэд нь олгодог болно гэж В.Путин мэдэгдлээ.  


Хоёр хүүхэдтэй гэр бүлд олгдог мөнгөн тэтгэмжийн хэмжээ 616 617 рубль болж нэмэгдэнэ. Эхэд олгох тэтгэмжийг цаашид жил бүр индексжүүлнэ гэж тэрбээр цохон хэллээ.


В.Путин залуу гэр бүлд зориулсан ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд банкуудыг илүү идэвхтэй оролцохыг уриалав.


ОХУ-ын төрийн тэргүүн хүн амыг дэмжих өртөг ихтэй шинэ арга хэмжээнүүд авч байгаа хэдий ч төсвийн тогтвортой байдлыг хангах үүргийг Засгийн газартаа өглөө.


Боловсролын тухайд

Таатай нөхцөлд боловсрол эзэмшихэд зориулагдсан хэчнээн тооны сургууль нэмж шаардлагатай байгааг тодруулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Засгийн газраасаа шаардаад, үүний үндсэн дээр “Боловсрол” үндэсний төсөлдөө өөрчлөлт оруулахыг санал болгосон байна. "“Энд уян хатан шийдлүүдийг хайж, зөвхөн сургууль бариад зогсохгүй боловсролын болон бусад дэд бүтцийг энэ зорилгоор үр дүнтэй ашиглах", мөн түүнчлэн орчин үеийн технологийг татан оролцуулах хэрэгтэй" гэж тэрбээр хэлжээ.


В.Путин 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн анги удирдсан багшид олгодог нэмэгдлийн хэмжээг дор хаяж 5000 рубль болгохыг санал болгосон байна.


Их сургуулиудад юуны өмнө бүс нутгийн их сургуулиудад тэтгэлгээр суралцах оюутнуудын тоог жил бүр нэмэгдүүлэх шаардлагатай гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.


Эрүүл мэндийн тухайд

ОХУ-ын иргэдийн дундаж наслалт анх удаа 73 наснаас давж, 2000 оныхтой харьцуулахад найман жилээр уртассан гэж В.Путин мэдэгдэв.


Энэ нь “улс оронд гарсан нийгмийн болон эдийн засгийн өөрчлөлт, нийтээрээ хичээллэж болох спортын төрлүүдийг хөгжүүлсний болон эрүүл амьдралын хэв маягийн ач холбогдлыг сурталчлан таниулсны үр дүн бөгөөд мөн мэдээж хэрэг эрүүл мэндийн тогтолцоонд оруулсан томоохон хувь нэмрийн үр дүн юм” гэдгийг тэрбээр онцоллоо.


Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг шинэчлэх бүс нутгийн хөтөлбөрийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж ОХУ-ын тэргүүн мэдээлсэн байна. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 550 тэрбум рубль гаргажээ.


Тэрбээр энэ жил эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингийн шинэ тогтолцоонд шилжинэ гэдгийг мэдэгдэв. Түүний хэлснээр, шинэ тогтолцоог улсын хэмжээнд нэмэгдэл болон нөхөн олговрын нэгдсэн жагсаалтад үндэслэх ажээ.


Иргэд хамгийн түрүүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд ханддаг тул энэ шатны тусламж үйлчилгээнд анхаарлаа төвлөрүүлэхийг шаардлаа.


В.Путин одоогоор албан ёсны зөвшөөрөл аваагүй байгаа өвчтөнүүдийг гадаадын тусгай эм бэлдмэлээр аль болох хурдан хангахыг Засгийн газраасаа шаардав. Оросын бүс нутгуудад амин чухал эмийн хангамж тасалдсантай холбоотой нөхцөл байдал дахин давтагдах ёсгүй гэж тэрбээр хэлсэн байна.


Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухайд

В.Путин Үндсэн хуульд оруулах бүх багц өөрчлөлтийн талаар иргэдийн дунд санал хураалт явуулахыг санал болгосон байна. Үүний зэрэгцээ тэрбээр шинэ Үндсэн хууль батлах шаардлагагүй гэж үзэж байна.


ОХУ-ын Ерөнхий сайд, шадар сайд болон сайд нарт нэр дэвшигчдийг батлах эрхийг Төрийн Думд олгохыг тэрбээр санал болголоо. Ерөнхийлөгч зөвхөн батлагдсан нэр дэвшигчдийг томилох үүрэгтэй байх юм.


Путин мөн Оросын хууль эрх зүйн орчинд тус улсын Үндсэн хуулийн тэргүүлэх чиглэлийг бэхжүүлэх санаачилгыг гаргалаа. Түүнчлэн Үндсэн хуульд тэтгэврийг индексжүүлэх тухай болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьжиргааны түвшнээс доогуур байх ёсгүй гэсэн заалт оруулах ёстой гэж мэдэгдэв.


Албан тушаалтанд тавих хязгаарлалт

ОХУ-ын Ерөнхийлөгч өндөр албан тушаалтнуудад гадаадын иргэншил болон оршин суух зөвшөөрөл авахыг хориглох санал тавилаа. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч улс орондоо 25-аас доошгүй жил амьдрах ёстой гэж мэдэгджээ. Одоогийн Үндсэн хуульд 10 жил амьдарсан байх ёстой гэж заасан байдаг ажээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг