Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг огцруулах талаар болон 60 тэрбум, ЖДҮ-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Шударга бустай тэмцэхэд миний эрх мэдлийн хүч хүрэхгүй байна. Сэтгэл санааны хүч харин байна. Надад айгаад байх зүйл алга. Би УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан. Та бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүн гэдгийг нь хэлсэн.

Би өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлье гэж бодлоо. Тэр 60 тэрбумын бичлэг гэдэг бол үнэн. Түүнийг М.Энхболд хийсэн нь үнэн. Эвлүүлэг биш. Монгол төрийн албан тушаалыг хууль бусаар зарж мөнгөжих оролдлогыг хийсэн үү гэвэл хийсэн, ярьсан. Ингэж ярьсныхаа төлөө УИХ-ын дарга огцрох ёстой. Хэрэгжүүлсэн эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллага тогтоох байх. М.Энхболд дарга газрын наймаа хийж байсан нь ч үнэн. 

УИХ дахь МАН-ын бүлгээ удирдаж чадаагүй, шударга ёсны төлөө ажиллаж чадаагүй, 60 тэрбумын хэргийг хамгаалснынх нь төлөө Д.Хаянхярвааг огцруулсан. Манай намын бүлгийн гишүүд огцруулж чадсан" хэмээн ярилаа. 

Мөн тэрээр "Би улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах ёстой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Би гудамж талбайд үймээн самуун гарч, 7 дугаар сарын 1-н шиг үйл явдал болохыг огт хүсэхгүй байна. Би парламентийн засаглалыг дэмждэг, Монголын ардчиллыг парламентийн засаглал аварна гэж боддог. Гэхдээ бид парламентийн засаглал боловсронгуй болгох шаардлагатай. Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Ард түмэн ч дэмжиж байна. Энэ үндсэн хуульд сайн зүйл олон бий, гэхдээ өөрчлөлт хэрэгтэй. 

ЖДҮ-ийн зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Цаашид ч чөлөөлөх ёстой хүмүүс байна. Хүнийг хэлмэгдүүлж болохгүй, хуулийн байгууллагууд шалгаж байгаа. Төрийн албан хаагч нар ЖДҮ-ээс авсан мөнгөө эргүүлж төлөөд дуусч байгаа. Одоо үүнийг зориулалтынх нь дагуу авч чадаагүй хүмүүст буцааж олгоно. Засгийн газар 22 санд шалгалт оруулсан. Үнэхээр угжирсан, түгжирсэн, идэж уусан асуудлууд илэрч байгаа. Эдгээр санг нээлттэй, шилэн болгоно. Тийм ч учраас Засгийн газар одоогоос 2 сарын өмнө энэ шалгалтыг эхлүүлсэн. 

Өнөөдөр надад улс төржиж, намчирхах сонирхол алга.  Н.Алтанхуяг шударга бусын хонгил гэж яриад байдаг. Тэр нь үнэн юм байна. Би энэ хонгил дотор явж, арьс махаараа мэдэрч байна.Энэ хонгилыг эвдэх цаг болсон

Одоо бойкот хийлгээд Засгийн газрын ажлыг хийлгэхгүй болгож байна. Би өнөөдөр энд ийм юм ярьж суух хүн биш. Би аж ахуй хийж байх ёстой. Гэтэл энд улс төр ярихаас өөр аргагүй байдалд намайг оруулж байна. 

Одоо л шударга ёсны төлөө босцгооё" гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.