УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Ерөнхий сайд танд итгэсэн ард түмний итгэл нурлаа. Танд итгэдэг хүн байхгүй боллоо. Та Ерөнхий сайдынхаа хувьд, МАН-ын даргынхаа хувьд дорвитой зүйл хийж, хэлсэн амлалтдаа хүрэх шаардлагатай байна" хэмээв.

Үүний хариуд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би тантай санал нэг байна. Бас миний хүч хүрэхгүй зүйлүүд байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2 бол шүдгүй арслан маягтай л байна. Хариуцлага тооцъё, өөрчлөлт хийе гэхээр шүдгүй арслан шиг л зууж чадахгүй ийм л үндсэн хуулийн орчинд амьдарч байна. Үүнийг та ч мэдэж байгаа. Ерөнхий сайд нь хийх ёстойгоо хийж, алдаа гаргасан бол хариуцлага хүлээдэг болохын тулд үндсэн хуулийг хурдан өөрчлөх шаардлагатай байна. Үгүй болбоос бид хэн нэгнийгээ огцруулдгаараа огцруулж, солигддогоороо солигдоод байдал энэ хэвээрээ үргэлжинэ.

Бид удахгүй намын бага хурлаа хийнэ. Өнөөдөр үүнийг зарлаж байна. Уг бага хурлаар өөрчлөлт, шинэчилэлийн асуудлыг ярина. Ардчилсан нийгэмд хүмүүсийн санал бодол зөрөлдөнө. Бүгд санал бодлоо хэлэх эрхтэй. МАН-ын 65 гишүүн гэдэг бол нэг бидонд цутгасан ус биш учир санал зөрөлдөнө. Үүнийгээ хэлэлцэнэ.

Өнөөдөр болж буй үйл явдал маш том сургамж болж байна. МАН-д ч тэр, АН-д ч тэр. Улс төрийн оноо авах гэж олон нийтийн өмнө бусдыгаа харлуулах гэж янз бүрийн худал зүйл ярихаа болих хэрэгтэй. Хэдүүлээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Үүнд би уриалж байна. Хамтран ажиллъя" хэмээлээ.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг хүсэлтийнх нь дагуу сайдын албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэхээр УИХ ээлжит бус хуралдаан зарлан хуралдаж буй юм.