BBC-д нийтлэгдсэн нийтлэлийг хураангуйлан хүргэж байна:

Хятад улс Шинжаан дахь Исламын шашинтай хүүхдүүдийг гэр бүл, итгэл үнэмшил, төрөлх хэлээс нь салган авдгийг шинэ судалгаагаар баталсан тухай BBC мэдээлэв. Хэдэн зуун мянган хүн аварга том хуаранд хоригдож байх зуур байгын байрлуулах сургууль байгуулах кампанит ажил эхэлжээ. 

Олон нийтэд ил баримтууд, гадаадад байгаа гэр бүлийн гишүүдийнх нь өгсөн ярилцлагуудыг шүүж BBC хамгийн чухал гэсэн мэдээллийг нэгтгэсэн байна. Нэг хотод гэхэд 400 гаруй хүүхэд хагас ч биш, бүтэн өнчирч хоцоржээ. Тэд бүгд ямар нэг хязгаарлалтаар шорон, эсвэл хуаранд байхдаа салсан. 

Эдгээр хүүхэд асрах төвд байх шаардлагатай, эсэхийг тогтоох ажил явагдаж байгаа. Шинжаан уйгарчуудын тодорхойлолтыг өөрчлөх ажлын хажуугаар хүүхдүүдийг нь гарал үүсэл, удам угсаанаас салгаж “хятаджуулах” кампанит ажил явж буйг эдгээр баримт нотолно.

Шинжаанд очсон гаднын сэтгүүлчдийг 24 цаг хянадаг учир мэдээлэл цуглуулах ямар ч боломж гардаггүй. Азаар Туркт байгаа уйгарчуудаас мэдээлэл авч болдог. Заал дүүрэн эцэг, эх өөрсдийн түүхийг хуваалцаж, басхүү хүүхдүүдийнхээ сургийг гаргахаар зургийг нь өвөртлөөд иржээ. 

Нэгэн ээж гурван охиныхоо зургийг харуулаад “Тэднийг минь хэн харж хандаж байгааг мэдэхгүй байна. Холбоо нэг ч удаа барьж чадсангүй” гэв. 

Бас нэг эх нуламсаа арчин байж гурван хүү, нэг охиныхоо зургийг атгачихаад “Тэднийг минь өнчин хүүхдийн асрамжийн газар аваачсан гэж сонссон” хэмээлээ. 

Айсан, гашуудсан эцэг, эхчүүд, хамаатан садан нийлсэн нийт 60 гаруй ярилцлага авахад сураггүй болсон 100 хүүхдийн талаар мэдээлэл өгөв. Хүүхдүүд бүгд Шинжааны оршин суугчдын дийлэнх хувийг эзэлдэг, Исламын шашинтай уйгарчууд юм. Тэд эртнээс Турк улстай холбоотой байсан бөгөөд Хятадын нэг хүүхдийн бодлого, шашин шүтлэгийн дарамтаас зугатааж, зарим нь бизнес хийж, суралцаж, гэр бүлийнхэнтэйгээ уулзах гэж олон мянган хүн очсон. 

Гэвч сүүлийн гурван жил Хятад хэдэн зуун мянган Уйгар хүнийг асар том хуаранд хорьж, тэд аль ч үгүй болжээ. 

Хятадын эрх баригчид үүнийг уйгарчуудын “мэргэжлийн сургалтын төвд” аваачиж боловсрол олгож байгаа, энэ нь шашны хэт даврагч үзэлтэй тэмцэх зорилготой гэж тайлбарласан. Гэвч тэнд байгаа хүмүүсийн дийлэнх нь итгэл үнэмшилтэй байсныхаа төлөө, залбирч, гивлүүр өмссөнийхөө төлөө хоригдсон юм. Заримыг нь Турктэй холбоотой гэж саатуулсан. 

Туркт байгаа хүмүүс буцаад очвол шийтгэл амсах нь тодорхой. Утсан холбоо нь гэмтсэн агаад Шинжаанд байгаа хүмүүс харь оронд байгаа хамаатнуудтайгаа ярих нь асар эрсдэлтэй болжээ. 

Эхнэр нь хорионд байгаа гэх нэгэн эрийн 8 хүүхэд одоо Хятадын мэдэлд очсон байж болзошгүй. Тэрбээр “Хүүхдийн боловсролын хуаранд аваачсан байх” хэмээлээ. 

Германы эрдэмтэн Доктор Адриан Зенц Шинжаан дахь Исламын шашинтай хүмүүсийг олноор нь хорьж байгааг дэлгэсэн юм. Олон нийтэд ил тод албаны баримт бичигт тулгуурласан түүний тайланд Шинжаанд барьж буй байрлан суралцдаг сургуулийн зургийг дүрслэн харуулжээ. 

Сургуулийн кампусын хэмжээг өргөтгөж, шинэ дотуур байр байгуулан багтаамжийг нь маш ихээр нэмэгдүүлсэн. Үүнээс харвал тус муж томчуудад зориулсан хуаран болон хүүхэд 24/7 харах сургууль хоёроо нэн даруй томрууллаа. 

2017 онд зөвхөн нэг жилийн дотор Шинжааны цэцэрлэгт элссэн хүүхдийн тоо 500 гаруй мянгаар нэмэгдсэн. Засгийн газрын судалгаа үзүүлэлтийг харвал Уйгар болон Исламын цөөнхийн хүүхдүүд энэхүү өсөлтийн 90 гаруй хувийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд Шинжаан муж сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтаар Хятад улсдаа тэргүүлсэн аж. Өмнө нь дунджаас ч доогуурт ордог байсан билээ. 

Шинжааны өмнөд хэсэгт уйгарчууд олноор суурьшдаг. Зөвхөн энэ хэсэгт цэцэрлэг байгуулахад Засгийн газар бүхэл бүтэн 1.2 тэрбум ам.доллар зарцуулсан нь гайхалтай. 

Шинжааны энэхүү боловсролын тэлэлт насанд хүрэгсдийг үй олноор нь хавчин боогдуулсантай агаар нэгэн үйл явдал боллоо. Уйгарын бараг бүх хүүхэд эцэг, эх нь хуаранд байгаа үгүйг мэдэхгүй явна. 

Зурагт харагдаж буй эдгээр сургууль бол Шинжааны Хятадаар Ечэнь буюу Уйгараар Каргилик гэх хотод баригдаж байгаа. Спортын талбайгаар тусгаарлагдсан хоёр сургууль хоёулаа үндэсний сургуулийн хэмжээ, багтаамжаас даруй гурав дахин том. Жил гаруй хугацаанд барьж дуусгасан. 

Эцэг, эхийн хүүхдээ өсгөж  хүмүүжүүлэх үүргийг Засгийн газар “нийгмийн тогтвортой байдал, эв нэгдлийг зохицуулах” нэрийдлээр орлож байгаа нь цаанаа илүү том зорилготой гэж Доктор Зенц дүгнэлээ. Тодруулбал, “Эдгээр байнгын байрлах сургууль нь цөөнхийн соёлыг дахин инженерчлэх гэсэн санааг илэрхийлж байна” гэсэн юм. 

Түүний хийсэн судалгаагаанд Уйгар болон бусад үндэсний хэлийг сургалтын системээр арчин хаях зорилготойг харуулсан. Тухайлбал, сургуульд байх хугацаандаа Хятадаас өөр хэлээр ярьсан багш, сурагчийг хатуу шийтгэх журам бий гэнэ. Тэгэхээр 24/7 сургууль, кампуст амьдарч байгаа хүүхдүүд ямар хэлээр ярих билээ дээ. 

Үүнийг Шинжааны бүх сургууль бүх хичээлээ Хятадаар заадаг болсон тухай албан баримтууд ч нотолно. 

Шинжааны Суртал ухуулгын албаны ахлах мэргэжилтэн Сюй Гуйсян BBC-д яриа өгөхдөө хүүхдүүд өнчирсөн, олноор нь байнгын байрлах сургуульд элсүүлсэн гэх мэдэгдлийг няцаасан. Тэрбээр “Гэр бүл нь тэр чигээрээ сургалтын хуаран руу явсан бол их л асуудалтай гэр бүл байна гэсэн үг. Би хэзээ ч тийм явдал харж байгаагүй” гэв. 

Угтаа бол Ноён Зенцийн судалгааны ажлын хамгийн чухал хэсэг нь хуаранд байгаа хүмүүсийн хүүхдүүд олноороо тэр сургуулиудад элссэн гэх баримт байсан. Тэр бүү хэл мужийн захиргаа тухайн хүүхдүүдийн нөхцөл байдлыг тодорхойлж нийтийн асрах төвд байх хэрэгтэй, эсэхийг тодорхойлоход ашигласан мэдээлэл ч бий. 

Нийтэд ил байх учиртай зарим баримтын “Мэргэжлийн сургалт” гэх үгийн оронд учир нь үл ойлгогдох тэмдэгт тавьж хайлтын системээр олоход хүндрэлтэй болгосон байна. 

Байнгын байлцуулах сургууль өөрсдийн зорилгыг хүүхдүүдэд “илүү дээр амьдрах зуршил” суулгах, гэртээ байснаас илүү ариун цэвэр орчинд байлгах гэж тодорхойлсон. Зарим хүүхдүүд багшийгаа “ээж” гэж хүртэл дууддаг болжээ. 

Бид Шинжааны Боловсролын товчоонд хандаж ийм нөхцөлд ямар журам мөрдөгдөх учиртайг лавлалаа. Дийлэнх нь хариулахаас татгалзаж, зарим нь товч ойлголт өгсөн юм. 

Хуаранд эцэг, эх нь байгаа хүүхдүүдийг яах вэ гэж асуухад “Тэд сургуульд байгаа, бид орон байр, хувцас, хоолоор хангаж байна. Бид тэднийг маш сайн харж хандах үүрэг хүлээсэн” гэв. 

Шинжааны сургууль хатуу хамгаалалттй, хаа сайгүй хяналтын камертай, периметрийн дохио, 10,000 вольтын хүчдэл бүхий цахилгаан хашаа гээд хуарангаас ч өндөр зардлыг хамгаалалтад зарцуулж байна. Ийм л газар уйгар хүүхдүүд байгаа билээ. 

Ноён Зенц “Миний бодлоор хүүхдүүдийг эцэг, эхээс нь тусад нь байлгах нь Шинжааны Засгийн газарын гарал угсаа, итгэл үнэмшил, хэл соёлоосоо хол тасархай шинэ үеийн хүүхэд, залуучууд гаргаж ирэх оролдлогыг харуулж байна. Эдгээр баримт мэдээлэлд үндэслээд хэлэхэд соёлын хоморголон устгал гэж болохоор юм.” хэмээсэн билээ.