Төрийн байгууллагуудын хүрээнд Цалингийн нэгдсэн системийг хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох мэргэжилтнүүд тус системийг хэрэгжүүлж буй Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга, Төрийн сангийн Санхүүжилт тайлан бүртгэлийн хэлтсийн дарга болон Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа.


Цалингийн систем нь 2019 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд хэрэгжүүлэгч нь Сангийн яам, Төрийн сангийн газар, гүйцэтгэгч нь тус яамны харьяа улсын үйлдвэрийг газрууд, ГЕГ, ТЕГ, Мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагууд юм.

Тус систем нь Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн нэгдсэн мэдээллийн систем дээр суурилан хэрэгжинэ. Системийн хөгжүүлэлтийн туршилтыг 2019 оны 5 дугаар сараас хийжээ.

Тус системийг энэ онд нэвтрүүлэх бөгөөд 4200 төсвийн байгууллагын 193.000 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж цалингаа нэгдсэн системээр авдаг болох юм. Системийн хэрэглэгчид нь төрийн байгууллагуудын нягтлангууд болон төсвийн шууд захирагч нар байна.

Систем нэвтэрснээр эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, томилгооны зөрчлийг цалингийн нэгдсэн системээр илрүүлэх, цалин хөлсний давхцалыг арилгах ач холбогдолтой.

Уулзалтаар, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийн зүгээс Сангийн яамны, Төрийн сангийн газрын удирдлагууд болон системийг хэрэгжүүлэх төслийн зөвлөхүүдтэй системийг цаашид хамтран хэрэгжүүлэх арга замын талаар ярилцаж, энэхүү системийг төрийн зарим байгууллагууд дээр турших болон улс орон даяар системийн талаарх сургалтыг зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.




Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл