Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах Төв комиссын хуралдаанаар Ерөнхий шалгалт авах өдөр, хуваарьт дараах өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ. 

Төрийн албаны зөвлөлийн 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол, журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн иргэдийн тоо, танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргээс хамаарч Ерөнхий шалгалт авах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлж, дор дурдсан хуваарийн дагуу зохион байгуулахаар боллоо. Үүнд:


Ерөнхий шалгалтыг:

  • Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд,
  • 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр,


Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг:

  • Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр,

 

Дүн шинжилгээ хийх чадварыг:

  • Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус авна.

Тухайн өдрүүдэд шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт нэгэн зэрэг эхлүүлнэ.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.

Төрийн албаны зөвлөлийн цахим сайтд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ерөнхий шалгалтад нийт 8891 иргэн бүртгүүлжээ. 

Бүртгүүлсэн иргэдийн судалгааг аймаг, нийслэл, дүүргээр нь ангилан ангилан авч үзвэл:

Нийслэлд 3676 иргэн бүртгүүлснээс Багануур 83, Багахангай 34, Баянгол 716, Баянзүрх 979, Налайх 96, Сонгинохайрхан 532, Сүхбаатар 429, Хан-Уул 514, Чингэлтэй 293 иргэн тус тус бүртгүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлд оршин суугаа газраас өөр газар өгөх хүсэлт ирүүлсэн 55 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ.


Эх сурвалж. Төрийн албаны зөвлөл