АНУ-ын Флорида мужид төгсөлтийн баярт оролцсон нэг хүнээс коронавирус илэрчээ. Улмаар тус баярт оролцсон 300 орчим төгсөгч, эцэг эхчүүдэд өөрсдийгөө тусгаарлах зөвлөмж хүргүүлжээ. 

Флорида мужид оршдог Бэйсаид ахлах сургууль өнгөрөгч Бямба гарагт гадна талбайдаа төгсөлтийн баяр зохион байгуулсан бөгөөд тус баярын үеэр коронавирусээс сэргийлэх журмыг маш сайн хэрэгжүүлсэн аж.

Гэсэн хэдий ч төгсөлтийн баяр болж өнгөрөөд удаагүй байхад тус баярт оролцсон нэг хүнээс коронавирус илэрсэн талаар Флорида мужийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Анита Стрэммэл мэдээлжээ. 

Урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн хэлтэс эцэг эхчүүдэд 14 хоног өөрийгөө тусгаарлах хэрэгтэй талаар захидал хүргүүлсэн байна. Тус захидалд төгсөгидийн эцэг эх, ойр дотны хүмүүүсийг ч өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авч, өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглахыг хүсчээ.

Сургуулийн зүгээс төгсөлтийг хөлбөмбөгийн талбайдаа зохион байгуулсан бөгөөд хүн хооронд хэдэн тохой зайтай сууж, аюулгүй байдлын протоколыг мөрдсөн байна. Мөн хүн бүр маск зүүжээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн хэлтсээс коронавирус илэрсэн этгээд нь төгсөгч байсан уу, эсвэл насанд хүрсэн хүн байсан уу гэдгийг нь хэлээгүй байна. Төгсөгчид тус бүр 2 зочин л авчрах эрхтэй байсан ба сургуулийн зүгээс 30 орчим ажилчин байжээ.

Багш нар маск болон бээлийтэйгээр сурагчдад гэрчилгээг нь гардуулж өгсөн бөгөөд зөвхөн үг хэлэх хүмүүс л индерийн ард маскаа авсан гэнэ. Харин төгсөлтийн баяр дуусахад сурагчид цөөн хүнтэй хэсэг хэсэг болон хуваагджээ.

Флорида мужийн хувьд коронавирусийн 450.000 тохиолдол бүртгэгдэж, 6.300 орчим оршин суугч коронавирусийн улмаас нас баржээ. Энэ долоо хоногт гэхэд хүүхдүүд эмнэлэгт хэвтэх нь 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хэдийгээр эцэг эхчүүд хүүхдүүдийг онлайнаар хичээлээ сурч болно гэж байгаа ч мужийн зүгээс сургуулиудийг эхлүүлэн, хүн хоорондын харилцаан дунд суралцах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.


Эх сурвалж: CNN