Сүүлийн үед  томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдгээр хэрэгсэхгүй болж байгаа билээ.  Үүний цаана хуйвалдаан, анхнаасаа зохион байгуулалттайгаар хуулийг өөрчилсөн гэсэн хардлага ч бий.  Уг асуудал дээр удтал маргаж буй хоёр эрхмийн байр суурийг хүргэж байна. Нэг нь Хууль зүй дотоод хэргийн сайд нөгөө нь  Хууль зүй дотоод хэргийн дэд сайд хийж явсан тэдний хэн нь үнэн хэлж байгааг уншигч та өөрийнхөөрөө тунгаана уу.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Миний талаар хар гүтгэлэг тараах явдал 2017 онд эхэлсэн. Одоо оргилдоо хүрч явна. Тарааж байгаа гүтгэлэг зөвхөн над дээр биш миний үр хүүхдүүдэд хүртэл ирж байна. Үүний л нэг. 2017 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд дээр би огт ажиллаагүй. Би тухайн үед УИХ-ын гишүүний хувиар Байнгын хорооны хурал, УИХ-ын чуулганы хуралд л суугаад явж байсан. Тухайн үед С.Раднаасэд Байнгын хорооны дарга байсан. Хамгийн хөөрхөн нь яг тэр хуулийг хөөцөлдөж батлуулсан, ажлын хэсэгт орсон хүн нь миний дэд сайд байсан Б.Энхбаяр гэж хүн л дээ. Батлуулсан гол хүн нь өөрөө байж над руу будлианаа бухаж байна. Хоёр хүнтэй холбогдуулж намайг гүтгээд байгаа юм. 

Нэг нь Дорлигжав, нөгөө "Жаст"-ын Батхүү. Би үнэндээ тэр Батхүү гэж хүнтэй амьдралдаа нэг удаа ч уулзаж үзээгүй. Дорлигжав 2017 онд хэрэгт холбогдоогүй байсан юм. Сүүлд гэсэн үг. Бас Алтантай холбож тайлбарладаг. Тэр үед Алтангийн асуудал огт яригдаагүй байсан. Ийм байхад би яахаараа хөөн хэлэлцэх хугацааг будилуулна гэж. Харин ч би эсэргүүцэж байсан асуудал. Гэтэл над руу улс төрийн гүтгэлэг явуулж байна. Манай гэр бүл рүү дайрсан мэдээлэл нэлээн гарсан, бүгд худлаа. 

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан, хуульч Б.Энхбаяр: Миний бие Засгийн газар дээр Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг дээр ахлан ажилласан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг эцэслэн шийдвэрлэх явцад гэнэт санал гараад хөөн хэлэлцэх хугацааг сольж өөрчилсөн. Миний хажууд Монгол Улсын дээд шүүхий шүүгч Батцэрэн сууж байсан. Цаана нь Монгол Улсын ерөнхий прокурорын туслах прокурор сууж байсан юм. Гэтэл шууд улсын дээд шүүхийн шүүгч Батцэрэнг миний хэлсэн агуулгыг микрофонд хэлээдэх гэсэн. Тэгээд л сая хэлсэн саналаар санал хураая гээд алх тогшчихсон.

Мөн тэрээр өөрийн фэйсбүүк хуудастаа,

"Анх өөрөө шалгалтын Ажлын хэсэг ахалж, 1.3 их наядын зөрчил шалгаж илрүүлснээс хойш яг 3 жилийн дараа Хөгжлийн банкныхны гэмт хэргийг хэрэгсэхгүй болголоо. Ингэхдээ хөөн хэлэлцэх хугацаагаар шүү. Үнэхээр гомдмоор. Зэвүү хүрч байна. Тэр үeд чухам л шууд барь хорь, чи хариуцлага тооцохгүй байна, удаан байна гэж мань мэтээс шударга ёс нэхэж байсан Ц.Нямдорж сайд өөрөө авлигачидад ял завшуулсаар байгаа хөөн хэлэлцэх хугацааг засах хуулийг засахгүй бүтэн 1 жил хагас дарсаар байгаад тэдэнд ял завшуулж хариуцлагаас мулталлаа даа. Шударга ёсны баг зүүсэн Ц.Нямдорж ЗАЙЛ. Одоо болно..."