УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах хүсэлтэй байгаа 30 гаран гишүүн оролцоогүй. 

Энэ үед чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Монголын төр ингэж учраа олохгүй доройтож, дампуурлын ирмэгт тулж байсан цаг үеийг би мэдэхгүй. Ардчилсан журмаар иргэдээсээ сонгогдсон 76 гишүүн ард түмний дуу хоолой, холбох гүүр болно гэж төрд тангаргаа өргөн ажиллаж байгаа гэж би боддог.

Үе үеийн парламент сайн, муу янз бүрийн нэр зүүдэг. Үндсэн хуулийн бус аргаар энэ парламентийг зогсоох аюул тулаад иржээ. Үүнд харамсаж байна.

2019 оны төсвийг Засгийн газар маш муу боловсруулж оруулж ирсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажлаа муу хийсэн гэж би дүгнэж байна. Төсвийн хориг хэлэлцэж буй хэлэлцүүлгүүд болон чуулганы хуралдаанд өөрөө орж ирэхгүй юм. Сүүлдээ Засгийн газрын бүх гишүүн Ерөнхий сайдтайгаа чуулганы хуралдаанд орж ирэхгүй УИХ-ыг бойкотлож буй нь харамсалтай байна.

Эрх мэдэл албан тушаал гэдэг нь нүдээ сохлох хэрэгсэл битгий болчихоосой. Өөрсдийгөө өмөөрүүлсэн сурталчилгааны ажилд мөнгөө зарцуулчихаад биднийг ард түмэн дэмжиж байна гэж үзээд байх шиг байна. Тэрэндээ битгий итгэ. Монголын ард түмэн хар, цагааны дэнсийг ялгаж чадна. Монголын ард түмний төрд итгэх итгэлийг битгий хөсөрдүүлээч. Төрөө дээдлэдэг байсан ард түмэн шүү. Тиймээс та нар басан доромжилж болохгүй. 

Монголын парламентад олон удаа сууж, МАН-ын ялалтын бялууг үргэлж хүртэж байсан дарга, сайд нараас би ичиж байна. Ө.Энхтүшин, Ч.Улаан, Ц.Нямдорж, Н.Энхболд нар сайд гэдэг сэнтийд заларч чадсан юм бол ядаж ёс суртахуунтай бай. Үнэхээр ичиж байна.

Нөгөө талаас манай Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуус шударга ёс ярьж байна. Та нарт шударга ёсны тухай ярих эрх алга. Өнөөдөр монголын ард түмэн, татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө зээлээд ББСБ-аар дамжуулж мөнгө угаасан хүмүүсийг би эгдүүцэж байна. Энэ асуудлыг яръя, огцруулъя гэхээр ганцхан сайдаараа туг тахиад хариуцлагын хаалгаа хаах гэж буй бол тийм зүйл байхгүй шүү. Иргэд та нараас хариуцлага нэхнэ" хэмээн ярилаа.