Монгол дахь "British School of Ulaanbaatar" сургуульд өнгөрсөн бямба гарагийн орой эмх замбараагүй байдал үүсч, гадны хүмүүс дайран орж байна гэсэн мэдээлэл, бичлэг цахим хуудаснаа цацагдсан.

Үүний дараа тус сургуулийг үүсгэн байгуулагч гэх Ц.Ариунаа өөрийн цахим хуудсаараа мэдээлэл хийж, "Петровис" ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл энэ бүхнийг зохион байгуулж, сургууль руу минь хүчээр дайрлаа. Надад хамгаалалт хэрэгтэй байна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа. Би ямар нийгэмд амьдарч буйгаа мэдмээр байна хэмээн мэдэгдсэн.

Мөн тэрээр "Би өөрийн үүсгэн байгуулсан сургуулийнхаа 51 хувийг Ж.Оюунгэрэлд эзэмшүүлсэн. Гэхдээ ингэж хүчээр сургуулийг минь булаан авна гэж бодоогүй" гэсэн юм.

Тэгвэл уг үйл явдалтай холбоотойгоор  "British School of Ulaanbaatar" сургууль буюу "Эко скүүл гарден" ХХК-аас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

"...Х.Батжаргал, Ц.Ариунаа нар нь гадны хүмүүс хөлслөн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах, багш, сурагчид, ажилчдад буруу ташаа мэдээлэл тараах, сургуулийн барилга руу хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр нэвтрэх оролдлого удаа дараа гаргасан учир сурагчид, багш ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа болно.

Х.Батжаргал, Ц.Ариунаа, Ц.Амараа нар нь Компанийн тухай хууль, Компанийн дүрэмд заасны дагуу тус сургуулийг төлөөлөх эрхгүй болсон ба тэдний зүгээс сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор явуулж байгаа худал мэдээлэлд автахгүй байхыг, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг та бүхнээс хүсэж байна" гэжээ.


Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ц.Ариунаагийн мэдээллийг хүргэж байна.