15 мянган хүний суудалтай усан спортын төв Токио хотод нээгдлээ. Барилгын ажил өнгөрсөн 2 дугаар сард дууссан боловч цар тахлаас болж албан ёсоор нээгдээгүй хойшлогдсон байсан юм. Нийт 542 сая ам.долларын өртгөөр баригдсан уг ордонд Токио 2020 зуны олимпын наадмын усан спортын төрлүүдийн тэмцээн зохиогдоно.

Өнгөрсөн сар  Токио 2020 олимпын наадмыг зохион байгуулах хорооны ажилтнуудаас тав дахь хүн коронавирусын халдвар авсан юм. Тус улсын Ерөнхий сайд Суга болон олимпын наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ёширо Мори нар ээлж дараалан мэдэгдэл хийж ирэх жил юу ч болж байсан хамаагүй наадмыг зохион байгуулна гэж мэдэгдсэн.

Нийт 206  орны 15 мянган орчим тамирчин 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны хооронд олимпын 50 төрөлд өрсөлдөнө.

Олимпын түүхэнд Дэлхийн 1-р дайнаас болж анх удаа, Дэлхийн 2-р дайнаас болж 2 дахь удаа хойшлогдож байсан бол коронавирус цар тахлаас болж түүхэндээ ийнхүү 3 дахь удаагаа хойшлогдоод байгаа юм. Тус улсад одоогоор коронавирусын халдвараар өвчилсөн 85,700 тохиолдол, 1599 нас баралт бүртгэгдээд байна.