НӨАТ-ын урамшууллын 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт болсон билээ. Сугалааны тохирлоор 50 сая төгрөгийн нэг супер азтан тодорсон юм.

Тэгвэл энэхүү 50 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, хөгжлийн бэрхшээлтэй Г.Батцэцэг гэдэг бүсгүй хожжээ. Түүнийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир, дэд захирал Б.Биндэръяа нар гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзан, батламжийг нь гардуулан өглөө.

Супер азтан Г.Батцэцэг сумынхаа “Наранзаяат” хэмээх дэлгүүрээс 8500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримтаараа ийнхүү супер азтан болжээ. Тэрбээр 2017 оны зургадугаар сарын баримтаар 100 мянган төгрөг хожиж байсан гэнэ.