Дорноговь аймгийн Алтан ширээ сумын нутагт бүтээн байгуулж буй Монголын анхын Газрын тос боловсруулах үйлдвэрийн Дэд бүтэц буюу автозам, төмөр зам, цахилгаан эрчим хүч зэргийг барьж дуусжээ.

Улмаар өнөөдөр үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Газрын тос, байгалийн хийн сайд Шри Дармендра Пратхан болон албаны бусад хүмүүс оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. 

Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье” гэлээ

Нээлтийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулж буйг хүргэж байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалт дууссан учир газрын тосны үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүдийг зөөвөрлөх ажил 2020 оны гуравдугаар сараас эхэлнэ. ТЭЗҮ-ийг 11 дүгээр сард албан ёсоор эцэслэх аж.

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчлах үеэр 236 сая долларын нэмэлт санхүүжилт олгох болсноо БНЭУ-ын тал илэрхийлсэн юм.

Мөн Засгийн газар нийт 400 га газрыг Газрын тос боловсруулах тус үйлдвэрийн хэрэгцээнд зориулж, Улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаад буй.

Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17,2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. 

Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм. 

Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм.


Дэд бүтцийн бүтээн байгуулалтаас гэрэл зургаар хүргэж байна.