Шинэ коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн н.Ариунтуяа "Сүүлийн 24 цагийн байдлаар байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн 2838 тохиолдол шинээр бүртгэгдсэн. 54 хүн нас барсан. Халдвар бүртгэгдсэн шинэ улс гараагүй. 

БНХАУ-аас гадна 23 улсад халдвар гарсан.

ДЭМБ-ын Ложистик хангамжийн баг нь хувийн хамгааллын хэрэглээний хэрэгцээг тооцож, улс орнуудад нийлүүлж эхэлсэн. Манай оронд цөөхөн тооны хувийн хамгаалах хэрэгслийг дараа долоо хоногийн дундуур ХӨСҮТ-д нийлүүлнэ. ДЭМБ-аас анхны тохиолдол болон тэдгээрийн хавьтлыг судлах түр удирдамжийг шинээр гаргасан. Мөн амны хаалтыг олон нийтийн газар, эмнэлэг, гэрийн нөхцөлд хэрэглэх тухай удирдамж гаргасан. Удирдамжийн гол агуулга нь ханиах, найтаах зэрэг амьсгалын замын халдварын шинж илэрсэн үед нэг метрийн ойр байхад амьсгалын замаар халдвар тархах эрсдэлтэй гэж үзэж байгаа" хэмээн мэдээллээ.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар дэлхийн 24 улсад шинэ коронавирусийн 20624 тохиолдол бүртгэгдсэнээс 425 хүн нас барж, 632 хүн эдгэрчээ.