Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 29 оронд шинэ коронавирусийн халвдар тархсан байна. БНХАУ-ын 31 муж уг вирусийн халдварлалтыг хяналтдаа авч буй ч бусад зарим оронд эрчимтэй тархаж буйг ДЭМБ, эрдэмтэд анхааруулж байна. 

Манай улсын иргэд хамгийн их зорчдог Япон, БНСУ, Сингапур улсад тархалт эрчимжсэн. Өнөөдрөөс Иран улсад байдал хүндэрч, өвчлөл нэмэгдэж байна. Шинээр Израйль улсад коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Ялангуяа БНСУ-д тус вирусийн өвчлөл цаг, минутаар нэмэгдэж байна. Өчигдөр 156 тохиолдол байсан бол өнөөдөр  284 боллоо. БНСУ-ын 4 хот, тэр дундаа Тэгү хотод эрчимтэй тархаж буй. Тархалтын эх уурхай нь сүмд залбирал үйлдэж, олон хүнд халдвар тараасан эмэгтэй байгаа. Тэрээр сүмээс гадна Динам эмнэлгээр үйлчлүүлснээр тус эмнэлгийн ажилчид, эмнэлэгт үйлчлүүлж байсан олон хүн халдвар авсан. Нэг хүнээс олон хүн халдварладгийг энэ байдал харууллаа.

Эрдэмтдийн тооцоолсноор халдвар авсан нэг хүн нэг дор 5 хүнд, тус  5 хүн нь 5 үе дамжихад нэг хүн өөр 384 хүнд халдвар тараах боломжтой байна.

Эдгээрт үндэслэн Эрүүл мэндийн яам ямар арга хэмжээ авахаа төлөвлөж, хэрэгжүүлж байна" хэмээлээ.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн 77345 тохиолдол бүртгэгдэж, 18731 хүн эдгэрч, 2359 хүн нас баржээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл