Аялал жуулчлалын салбарын нэгдсэн цэнгүүн өнгөрсөн бямба гарагт болж өнгөрсөн юм. Энэ үеэр Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин дээл өмсч ирсэн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн тэмээчин Б.Буяндэлгэрийн талаар нийгмийн сүлжээнд бичсэн нь нь олны дургүйцлийг төрүүлээд байна.

Тэрбээр шинэ жилийн баяраар дээлтэй ирсэн иргэний талаар:

"...Соёлжиж нийгэмшихэд ахиад хэдэн арван жил хэрэгтэй бололтой. Явцыг хурдлуулах нь бидний үүрэг. 450 зочидоо хүндэтгээд протколын ёс зөрчихгүй байвал. Зарим нэг ААН-үүд салбарынхны нэгдлийг өөрсдийнхөө ганц нэг оролцогчоос дээгүүр тавихгүй байхыг хойшид анхаарна биз дээ. 40 мянгатын бид соёлыг түгээхэдд түүчээлэх хэрэгтэй..." хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. 

Харин ийнхүү бичсэнээс үүдэн нийгмийн сүлжээнд үндэсний хувцастайгаа баярын арга хэмжээнд очих нь буруу зүйл биш, тэр дундаа аялал жуулчлалыг салбарт ажилладаг дарга хүн уламжлалаа доромжилсон нь бүдүүлэг хэрэг хэмээн хэдэн зуун сэтгэгдэл үлдээсэн байна.

Энэ явдлын дараа Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин өчигдөр "Дээлтэй ахаас уучлалт гуйж байгааг хүлээн авна уу. Ёолкноос хөөгөөгүй ээ. Ахаа дээлтэй бүжиглэх нь зохисгүй байна аа гэсэн" хэмээн бичжээ.