Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай өчигдөр уулзжээ.

Уулзалтын үеэр сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат Гашуунсухайт-Ганц мод боомт дээр нүүрс тээвэрлэж байгаа ачааны машинуудын дараалал үүсч буй асуудлыг хөндөж, Хятадын талаас асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхөд туслалцаа үзүүлэхийг хүсчээ. 

Элчин сайд Шин Хаймин тулгамдаад байгаа дээрх асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудад уламжилж өгөхөө илэрхийлж ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж, бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

Мөн цаашид тээврийн салбарт хоёр тал идэвхитэй хамтран ажиллаж, Хятадын талаас бүхий л боломж бололцоог эрэлхийлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлжээ.