УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 7 гишүүн энэ сарын 04-нд өргөн мэдүүлсэн "Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Манай намын гишүүд улс төрийн өсгөлөн зарлаад өчигдөр буусан. Гишүүд маань эмнэлэгт эмчлүүлж байна. Төрийн ажил тасралтгүй байх үүднээс С.Одонтуяа, Н.Алтанхуяг бид гурав чуулганд оролцож байна. Олонхын бүлэг болон УИХ-ын дарга бидний асуудлыг шуурхай шийдэж, дарангуйллын эсрэг, хууль дээдлэх үйл ажиллагааг ойлгосонд талархаж байна. 

Хэлэлцэж буй хуулийн төслийг би дэмжиж байна. Овоо доо. Та хэд нэг сан байгуулаад л түүнийгээ хоосолдог болж. Сан хоосолсон хүн нь ямар ч шийтгэл авдаггүй, шийтгэсэн ч 40 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг. Сайдынх нь ярьж буйгаар Нийгмийн даатгалын сан мөнгөгүй болсон юм байна. Ажил олгогчдын төлсөн мөнгийг хэн нь авч хэрэглээд буй юм бэ. Байгалийн бэрхшээл, ган, гамшигт нэрвэгддэг малчдынхаа нийгмийн даатгалыг төлчихдөг баймаар байна. Монголын өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэнтэй байлгадаг өдөр, шөнөгүй ажилладаг энэ хүмүүсээ онцгой анхаарах хэрэгтэй. Монгол хүний дундаж наслалт 65, гэтэл иргэд тэтгэвэртээ гараад тэтгэврээ хэр удаан авч чадаж байна вэ. Халамж арай хэтэрч байна шүү" хэмээлээ.

Хариултад нь Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Халамжаас хөдөлмөр рүү шилжсэн бодлого барьж ажиллана. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж гурван талт хэлэлцээр гээд Үйлдвэрчний эвлэлээс гурван хүн ээлжилж ордог байсан. Үүнд нь ямар ч хяналт байдаггүй байсан. С.Эрдэнийг сайд байх үед нийгмийн даатгалын мөнгийг Капитал банкинд байршуулаад ямар түвшинд хүрснийг бүгд мэднэ. Одоо ч алдагдалтай ажиллаж байна. Энэ хууль батлагдаад нийгмийн даатгалын шимтгэлийг 2 орчим хувиар бууруулбал төсөвт үүсэх санхүүгийн асуудлыг тогтоол гаргаад шийдвэрлэх боломжтой " гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол эрэгтэйн дундаж наслалт 66, эмэгтэй дундаж наслалт 76.2 шүү" гэдгийг залруулж хэллээ.

"Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-д:

- Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, 

- Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж, 

- Мөн зүйлийн 2 дахь хэсэгт 12.5 хувь гэснийг 11.5 болгож, бууруулан өөрчлөхөөөр тусгажээ.

Ингэснээр даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багасна. Улмаар аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах, нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр ажиллагсдын амьдрал дээшилнэ гэж хууль санаачлагчид үзжээ.