Жолооч нарын хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартын мэдлэг, жолоодлогын ур чадварыг дээшлүүлэх, осол зөрчилгүй  иргэдэд үйлчлэх үндсэн зорилгоор “Ур чадвар -Уран жолоодлого"-ын тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнийг  Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарын санаачилсан бөгөөд гурван баазын 763 жолооч оролцож, энэ оны байгууллагын аваргаа тодруулав. 

Шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж,  10 хэсгээс эхний гурван байранд шалгарсан 30 жолооч байгууллагын аваргын төлөө жолоодлогын ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалт, техникийн гэмтэл тодорхойлох төрлүүдээр оролцож хурд хүч,  авхаалж самбаа, оюун ухаанаа сорьсон юм.  

Тэмцээний нэгдсэн дүнгээр Гуравдугаар баазын  жолооч Д.Батбилэг нэгдүгээр байранд,  Б.Нямпүрэв хоёрдугаар байранд,  Нэгдүгээр баазын жолооч  Б.Уранбат гуравдугаар байранд, тусгай байранд С.Төмөрсанаа нар шалгарлаа.  Мөн гурван баазыг 6 үзүүлэлтээр дүгнэхэд 155 оноогоор Гуравдугаар бааз тэргүүлж, шилжин явах цом, мөнгөн шагналын эзэд болов.